Та гуниглавал арьс ч бас гуниглана

“Тийм ээ, стресс таны арьсыг сэдрээдэг нь үнэн” хэмээн АНУ-даа арьсны өвчин судлал мөн сэтгэл зүйн салбарт аль алинд нь магадлан итгэмжлэгдсэн цөөн Их эмч нарын нэг болох Эми Вэшлер эмчийн хэлсэн бөгөөд тэрээр энэхүү асуудалд хариулт өгч чадах хамгийн тохирсон хүн шиг надад санагдлаа – тэрээр энэ сэдвээр ном хүртэл туурвисан гээч. Эми эмч маань стресс ба батга нь хоорондоо хүчтэй холбоо хамааралтай болохыг батлан харуулсан Их сургуулийн орчинд шалгалтын долоо хоногийн үеэр хийгдсэн нэгэн алдартай судалгааг надад танилцууллаа. Тэрээр мөн хэлэхдээ, “Шалгалтууд хоёр долоо хоногийн турш л үргэлжилдэг бөгөөд дуусахад нь хүмүүсийн батга дагаад арилдаг. Тэгвэл таны сэтгэлийн түгшүүр 5 сарын турш үргэлжилж байна гэж үзвэл та 2 долоо хоног ч биш, 5 сарын турш шалгалт өгч байгаагаас ялгаагүй байна шүү дээ. Шалгалтаас үүсэх стресс, сэтгэлийн түгшүүрээс үүсэх стресс хоёрын хооронд ялгаа байхгүй – стресс бол стресс” гэв.

Вэшлер эмчийн хэлж буйгаар бол стресс ба батганы хамаарал нь кортизол гэх молекулаас улбаатай гэнэ. Энэхүү кортизол гэгч дааврыг бидний бие өвчнийг эсэргүүцэх, цусан дахь сахарын хэмжээг хянах, метаболизмыг зохицуулах, ой санамжийг бүрэлдүүлэхэд нөлөөлөх зорилгоор ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, кортизол нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй боловч стресстэх үед бие тань сонор сэрэмжтэй байхын тулд кортизолыг илүү ихээр ялгаруулдаг гэсэн үг. Энэхүү стресс удаан үргэлжилж, танд үүнийг даван туулах арга зам байхгүй бол кортизол нь эсрэгээрээ биед үрэвсэл үүсгэж эхэлдэг. 

“Үрэвсэл бол батга, экзем, псориазын өвчний эх үүсвэр” хэмээн Вэшлер эмч, кортизолыг удаан хугацааны туршид ялгарвал арьсыг булбарай зөөлөн болгодог коллагенийг задалдаг гэдэгтэй холбон тайлбарлалаа. “Ийм учраас л хүмүүс нэлээд удаан стресстэхээрээ хоногийн төдийд хөгширсөн мэт харагддаг юм шүү дээ.” Кортизол мөн арьсны байгалийн хамгаалалтын бүрхүүлийг гэмтээдэг тул арьсны чийг ууршиж хуурайших нөхцөл бүрддэг. Хэдэн сар сэтгэлийн түгшүүртэй явахад таны арьсны орчин эрс өөрчлөгдөх боломжтой: Төрөлхийн тослог арьстай хэрнээ хуурайшиж, улам эмзэг мэдрэмтгий болох ч юм уу. Вэшлер эмчийн хэлж буйгаар, таны арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтэхэд ердийн харшлах ёсгүй зүйлд хүртэл мэдрэгшиж, харшил өгөмтгий болдог гэдгийг онцоллоо. “Ийм учраас л зарим хүмүүс ‘Би уг нь энэ бүтээгдэхүүнийг насаараа хэрэглэж байна. Гэтэл гэнэт л миний арьсанд таарахаа больчих юм’ гэцгээдэг юм.”

Хамгийн төвөгтэй нь, кортизолын төвшин нэг өссөн бол эргээд буухад хэцүү байдаг. Адаглаад шөнө бүр нойроо бүтэн авах ёстой байтал сэтгэлийн түгшүүртэй байгаа хүн унтаж ч чаддаггүй шүү дээ. “Кортизол унтаж байхад хамгийн бага байх агаад бэта-эндорфин, өсөлтийн даавар, окситоцин зэрэг эмчлэгч (бас сэтгэл санааг сэргээгч) дааврууд үргэлж хамгийн өндөр төвшинд ялгарч байдаг” гэж эмч маань эдгээр даавруудын холбоо хамаарлыг дүүжин даажинтай зүйрлэлээ. Хэрвээ та нойроо сайн авч чадахгүй бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй даавруудад кортизолыг дийлэх боломжийг нь олгохгүй байна аа гэсэн үг.

Easi- Sommia ODF нь амны хөндийд уусдаг хальс бөгөөд нойргүйдлийг зогсоож, цагийн зөрөөг багасгадаг үйлчилгээтэй юм.

Гэхдээ өдрийн цагаар, та тодорхой үйл ажиллагаагаар дамжуулан эдгээр сэтгэл санааг сэргээгч даавруудыг ялгаруулах боломжтой. Арьс арчилгаагаа бүрэн хийж дуусахад таны тархинд допамин буюу таашаалыг мэдрүүлэгч нейротрансмиттер ялгардаг. Эсвэл чамин оройн хоол хийх, өрөөгөө эмхэлж цэгцлэх, ном уншиж дуусгахад ч бас допамин ялгардаг. Дасгал хөдөлгөөн хэтэрхий бага эндорфины төвшнийг тэнцвэржүүлэхэд тустай. Би саяхныг хүртэл гүйлтээс таашаал авах хүртлээ үүнд итгэдэггүй байсан. Дасгал хийх дургүй юү? Тэгвэл стэнд ап комеди очиж үзвэл ямар вэ? Эндорфинээ заавал хөлрөхгүйгээр нэмэгдүүлэх сайхан арга шүү! (Өөр таныг инээлгэх юу ч байж болно) Окситоцины төвшинг нэмэгдүүлэхийн тулд гэрлээ унтраагаад өөрийгөө энхрийлээрэй. Сэтгэл гутралд ороход хүний бэлгийн дур хүсэл буурдаг авч уг нь, дур тавихад кортизолын төвшнийг бууруулагч, тайвшралтыг идэвхжүүлэгч окситоцин ихээр ялгардаг юм шүү.

Мэдээж эдгээр үйлдлүүд таны сэтгэлийн түгшүүрийг арилгахгүй ч гэлээ өдөр тутамд чинь таны сэтгэл санааг дээшлүүлж, улмаар та арьсаа арай дээрдсэнийг анзаарч магадгүй. “Хүмүүс байнга сэтгэлийн түгшүүртэй байхаараа амьдралд тохиолдож буй зүйлсийнхээ өмнө ямар ч хүчгүй мэт санагдаж, өөрөө өрийнхөө үнэ цэнийг олохгүй, өдөр тутмын хэмнэлээ алддаг” гэж Вэшлер эмч зөвлөхдөө, “ядаж арьс арчилгаагаа тогтмол хийвэл амьдралынхаа жаахан ч гэсэн хэсгийг өөрийн мэдэлд эргүүлэн авч чадна” гэлээ. Өдөрт 10 минутын арьс арчилгаа хийж, өөрийгөө хайрлах нь Инстаграм, Фэйсбүүкээр доош нь гүйлгэж сууснаас л дээр санагдах байх даа. 

Кортизолыг тэнцвэржүүлэх хамгийн амархан, хүч шаардахгүй арга бол уйлах. Эрдэмтэд хараахан яагаад гэдгийг нь олоогүй байгаа хэдий ч судалгаагаар сэтгэлээ онгойтол уйлах нь кортизолын төвшинг багасгадаг болох нь нотлогджээ. Бид урьд нь, уйлахад нулимсаар дамжин стрессийн илүүдэл дааврууд гадагшилдаг гэж итгэдэг байсан боловч ихэнх эрдэмтэд орчин цагт уйлахыг нийгмийн дохио үзүүлэгчийн үүрэгтэй холбон тайлбарлаж байна: Сэтгэл тавгүй байгаагаа бусдад ил гарган үзүүлэх төдийд стрессийн шинж тэмдгүүд намддаг байна. Хэрвээ та хэн нэгэнд уйлж байгаа бол нөгөө хүн чинь таныг тэврэх, нурууг тань илэх, үсийг тань элбэх зэргээр окситоцин ялгаруулах үйлдлүүдийг үзүүлэх өндөр магадлалтай байдгийг ч хэлэх үү.

Гэхдээ уйлах нь таны бие дотор сайн нөлөө үзүүлж байгаа ч арьсыг тань тийм ч сайхан харагдуулахгүй болов уу… Тиймээс ч би Вэшлер эмчийг уулзъя гэж дуудсан юм. Би саяхан бүлцийтлээ уйлаад өглөөний хурлаа эхлэхээс өмнө, гэрийнхэнтэйгээ уулзахаас өмнө сандруухан нүүрэн дээрээ мөсөөр жин тавьж суусан юм. Миний царай ямар харагдах нь ч дүүрч, уйлсны дараа нүүрэнд өвчин ордог нь л их хэцүү. Шөнө уйлахаар нүд бүлцийж хавдаад хоёр хадан хясааны голд хавчуулагдчихсан юм шиг хавдаж, хорсож, улайгаад байх юм. Дандаа ингэнэ. Дээрээс нь, арьс арчилгаагаа хийхэд давстай нулимснаас болсон юм уу, бүү мэд, батга сэдэрчихсэн байдаг. Ингээд би сэтгэлээ онгойтол уйлсныхаа дараа яавал дээр талаар – эсвэл гунигтай эмэгтэйн арьс арчилгаа гэсэн ч болно – эмчээс зөвлөгөө авах гэсэндээ түүнтэй ярилцлаа.

Миний сурч мэдсэнээр, хүний нүд нулимс ялгаруулах гэж хэт ачаалалтай, удаан хугацаагаар ажилласнаас болж зовхинд их хэмжээний цус хуралдуулдаг ажээ. Шөнөөр уйлахад эдгээр хуралдсан цус таныг хэвтэж байгаа болохоор хаашаа ч гадагшилж чадахгүй хуримтлагддаг. “Хэрвээ та өдрийн цагаар зогсож, алхаж байхдаа уйлбал, татах хүч нулимсыг нүднээс чинь буулган, нүүррүү аваачиж, гадагшлуулдаг” гэж Вэшлер эмч хэлэв. Өглөөний бүлцэн нүдэндээ санаа зовдог эмэгтэйчүүд байвал хавдалтыг нь буутал цэх зогсох эс бөгөөс, Вэшлер эмчийн дуртай нэгэн аргыг туршаад үзээрэй. “Цэл хүйтэн мөстэй усанд цайны халбага хийж хүв хүйтэн болгоод халбаганы гүдгэр хэсгээр нүдэнд дээрээ багахан даралтаар дарвал цусны судсуудыг намжаахад их тустай” гэж Вэшлер эмч уг аргыг нэгэн модель үйлчлүүлэгчээсээ сурч авсан гэдгээ хэлэв. Ингэх хүсэл төрөхгүй байгаа бол аль болох өндөр дэр дэрлэж унтаад өглөө болмогц энэ аргыг туршаад үзээрэй.

Нулимсны хувьд, арьсаа хуурайшуулахгүйн тулд усаар заавал зайлахыг манай эмч зөвлөж байна. Арьс арчилгаагаа хийснээс 30 минутын дотор уйлсан бол нүүрээ угаагаад арьс арчилгаагаа дахин давтаж болно. Эсвэл зүгээр усаар шавшаад чийгшүүлэгч тос түрхэж болно.

Кортизолын төвшнийг буулгахад хэцүү гэснийг санаж байна уу? Хэрвээ та сэтгэл гутрал эсвэл түгшүүрийн шинж тэмдгийг өөртөө ажигласан бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Гадаад төрхөндөө санааширч суухаас гадна бид энэхүү арьсны асуудал маань бидний бие дэх илүү том, ноцтой асуудлыг илтгэж байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Арьсны чинь орчинг тэнцвэржүүлэхээс гадна хэн нэгэнтэй ярилцвал ганцаардал, гуниг, эргэлзээ чинь жаахан ч атугай хөнгөрнө.

Миний арьс сэтгэл санааг минь дагаад хямарч байгаа учраас би арьс арчилгаагаа хөнгөн, хялбар байлгаж байгаа. Үүний ач тус их гарч байгаа: Батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхаар миний арьс харин ч өөрийгөө сайн эмчилж, цөөхөн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа болохоор залхууралгүй арьс арчилгаагаа хийж байна. Kерамид (Ceramide), байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлс (Natural moisturizing factors), липид (Lipids)-ийг харамгүй агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснээс хойш гэмтсэн арьсны хамгаалалтын бүрхүүл маань бэхжиж, батга цөөхөн гарах болсныг мөн анзаарлаа. Түүнчлэн сэтгэл санаагаа өргөх боломж гараад л байвал шүүрч аваад, комфорт зоныхоо зааг дээр өлмий дээрээ дэнчигнээд л явна даа. Гэлээ ч нулимс, батга хоёр ар араасаа давлагаалан ирснээр… Ер нь тэгэх нь ч ёс юм болов уу даа.

Ceramide ба Tamarind Seed Polysaccharide -ын найрлагатай учир гүн чийгшүүлж, чийгийг удаан хугацаанд барьдаг. Хүний биед хортой найрлагагүй болохоор эмзэг мэдрэмтгий арьсанд ч харшил өгөхгүй, тэрбайтугай хүүхдийн арьсанд ч харшил өгдөггүй тос гэдгээрээ алдартай билээ.

Эх сурвалж: Эли Ошински, Into The Gloss