Арьсны хамгаалалтын бүрхүүл гэж юу вэ?

7-р ангийн биологийн хичээл дээрээс бид арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд биднийг гаднын нөлөөнөөс хамгаалдаг хамгийн сайн хамгаалалт гэдгийг сурцгаасан. Даанч бидний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдхэнүүдээс болж “арьсны хамгаалалтын бүрхүүл” гэмтэж байгаа гэж та бодоогүй л биз дээ?

Энэ нь юун бүрхүүл юм бэ? Арьсны хамгаалалтын бүрхүүл гэдэг нь эсүүдийг хооронд нь нягт холбох үүрэгтэй липид орчин (керамид, холестерол, өөх тосны хүчлүүдээс бүрддэг) болон арьсны эсүүдийн хамгийн өнгөн давхаргыг (анагаахын нэр томьёо: stratum corneum) хамтад нь хэлж байгаа билээ. Энэ бүрхүүлийг тоосгон ханатай зүйрлэж болно: Арьсны эсүүдийг тоосго гэвэл, липид орчин нь зуурмаг гэсэн үг. Энэ хоёр хамтдаа нийлээд гадаад орчны үрэвсэл үүсгэгч, хор хөнөөлтэй бичил биетнүүдийн эсрэг чухал хамгаалалтын давхаргыг бүрдүүлдэг боловч туйлын эмзэг агаад амархан сарниж үгүй болдог.

Ямар үүрэгтэй вэ? Энэхүү бүрхүүл ерөнхийдөө таны арьсыг чийглэг, зөөлөн, чанга байлгах үүрэгтэй. Мөн түүнчлэн, хор хөнөөл учруулж болзошгүй цочроогч бодис, бичил биетүүдээс хамгаална.

 

                                   

Тэгээд, яг хэр их чухал юм бэ? Энэхүү бүрхүүл “арьсны гүний ус ууршин алга болох” процессыг удаашруулдаг учраас арьсыг хуурайшихаас сэргийлэх нэн чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл: Үүний ачаар таны арьс хатаасан үзэм шиг харагдахгүй гэсэн үг.

Минийх гэмтсэн эсэхийг яаж мэдэх вэ? Хэрвээ таны арьс гэнэт л үрэвсэж улайгаад, холцруутаад, эмзэгшээд, хуурайшаад эхэлсэн бол таны хамгаалалтын бүрхүүл гэмтэж, үгүй болжээ л гэсэн үг. Үүнээс болоод батга, тууралт ч гарч болзошгүй. Ийм болсны шалтгаан нь, нэг бол та хэт хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг, арьсаа хэт их гуужуулдаг, эсвэл салхитай, хүйтэн орчноос арьсаа хамгаалдаггүй зэрэг олон хүчил зүйлсээс хамааралтай.

Тэгээд яаж эмчлэх вэ? Та арьсны эмчид хандаарай – нэн ялангуяа, таны арьс тууралт өгсөн бол. Эмч нар таны арьсыг яг юунаас болж гэмтсэн болоод хэрхэн эмчлэх аргыг нь заагаад өгнө. Цаашид эрүүл байлгахын тулд хүчил, скраб, тослогийг устгадаг хүчтэй угаагчаас зайлсхийгээрэй. Чийгшүүлэгч тос, нүүрний охь тос болон арьсыг тайвшруулах орцтой  бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглээрэй.

 

              Centella Asiatica/ Cica                                                                                   Aloe Vera

                                      

 

                        Calendula                                                                                            Niacinamide