Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ — Бид яагаад үүнийг таслан зогсоох ёстой вэ?

Хөдөлмөр гэхээр таны толгойд хамгийн түрүүнд биеийн хүчний хөдөлмөр бууж магадгүй. Ийм төрлийн ажлууд аж үйлдвэрийн салбарт элбэг ажиглагддаг, жишээлбэл, барилгын ажил, фермийн аж ахуй, газар тохьжуулалтын ажил гэх мэт. Хэрвээ биеийн хүчний хөдөлмөр гэж бий бол сэтгэл санааны, оюун санааны бүүр цалингүй хөдөлмөр ч гэж байх нь тодорхой. Үүнээс харвал бидэнд хоёр төрлийн асуулт тулгарч байна: “Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ?” мөн “Цалингүй хөдөлмөр гэж юу вэ?”. Хөдөлмөр болгон эрх тэгш үнэлэгддэггүй учир энэ сэдвийг бүгдээрээ хамтдаа хөндөцгөөе.

СЭТГЭЛ САНААНЫ ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Уг нэр томъёог хамгийн анх социологич Арли Хохшилд “Зохицуулагдсан сэтгэл” номonдоо ишлэн гаргажээ. Эл номoнд хүмүүс өөрсдийн сэтгэл санааг цалин авдаг ажилдаа нийцүүлэн зохицуулах гэж хичээдэг тухай гардаг. Сэтгэл санааны хөдөлмөр нь таныг ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай сэтгэл санааны төлөвт өөрийн сэтгэл хөдлөл, царайны хувирлаа зохицуулахыг шаарддаг. Энэ нь таныг ажиллаж байх хугацаандаа өөрийн сэтгэл хөдлөлийг няцаахад хүргэдэг. Тодруулбал, та “баяр хөөр” гэх мэт сэтгэл хөдлөлийг зохиомлоор бий болгож, “уур бухимдал”, “гуниглах” зэрэг сэтгэл хөдлөлийг хүчээр дарна гэсэн үг юм.

СЭТГЭЛ САНААНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЖИШЭЭНҮҮД

Сэтгэл санааны хөдөлмөрийг бүгдээрээ Старбаксын нэгэн баристагийн жишээгээр амилуулцгаая. Энэ бариста саяхан их сургуулиа төгсөж, цалингаас цалингийн хооронд амьдралаа авч явах гэж хичээж байгаа гэж төсөөлье. Гэтэл ажилдаа ирэх замд машин нь эвдэрчхэж. Тэрээр ажилдаа ирэхдээ энэ сарын сургалтын төлбөрийн зээлээ яаж төлөх, ядаж байхад машинаа засуулах мөнгө хаанаас олохоо мэдэхгүй бухимдалтай, сэтгэлийн хямралтай, нулимсаа залгиж ядаж байлаа. Гэвч ажлаа сайн гүйцэтгэхийн тулд тэрээр эдгээр сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй. Иймд үйлчлүүлэгч орж ирээд кофе захиалахад тэрээр инээмсэглэж, багахан яриа өрнүүлж, захиалгыг нь түргэхэн гаргаж өгнө. Энэ үйлдэл түүний ээлж дуустал үлдсэн дөрвөн цагийн турш үргэлжилнэ.

Ажлаа сайн гүйцэтгэхийн тулд өдөржингөө сэтгэл хөдлөлөө барьсан тэрээр ажлаасаа ядарсан харина.

Илүү ноцтой хэлбэрийн сэтгэл санааны хөдөлмөр бол тухайн хүн өөр нэгэн ажилтны хэлсэн арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхсан доромжлолыг сонссон ч өөрийн сэтгэл хөдлөлийг нуугаад өнгөрөөхөөс өөр аргагүй нөхцөл байдал юм.

Дийлэнх сэтгэл санааны хөдөлмөр шаардсан ажлууд үйлчлүүлэгчтэй харьцсан ажлууд байдаг. Жишээлбэл, рестораны ажилчид, барааны жижиглэн худалдааны төлөөлөгчид, онгоцны үйлчлэгч, эмч, хүүхэд асрагчид гэх мэт. Гэхдээ үйлчлүүлэгч гэдэг нэр томьёог өөр олон салбарын мэргэжилд хамааруулж болно. Багш нарын хувьд зааж буй хүүхдүүд нь тэдний үйлчлүүлэгчид болно. Оффисын ажилтнуудын хувьд тэдний үйлчлүүлэгчид нь удирдах албан тушаалын ажилтнууд нь байж болно. Эдгээр жишээнүүд дээр үндэслээд сэтгэл санааны хөдөлмөрийн хэмжээ нь ажил ажлаасаа хамаараад ялгаатай байдаг нь тодорхой харагдаж байна.

ОЮУН САНААНЫ ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Сэтгэл санааны хөдөлмөр хүний бодол санаа, сэтгэл хөдлөл, ааш зантай холбогддог. Мөн энэ тухай ярихдаа хүмүүс оюун санааны гэж ярих нь элбэг боловч оюун санаа ба сэтгэл санааны хөдөлмөр нь хоорондоо эрс ялгаатай ойлголт юм.

Оюун санааны хөдөлмөрийг хамгийн энгийнээр, таны тархины хийж буй хөдөлмөр гэж ойлгож болно. Оюун санаандаа гаргасан жагсаалт, гүйцэтгэнэ гэж бодсон ажлууд, ажил дээрх асуудлаа хэрхэн шийдэх вэ гэж бодох, энэ долоо хоногт хийх хоолоо төлөвлөх, энэ бүгд бол оюун санааны хөдөлмөр юм.

Өрх гэрийн оюун санааны ажлын зонхилох хувь нь өрхийн менежер болох эмэгтэйчүүдийн нуруун дээр ирдэг. Чухал өдрүүдийг санаж байх, юу цэвэрлэх болон дэлгүүрээс юу цуглуулахаа тэмдэглэх, хүүхдүүдийн өдрийн хэвшил болоод хуваарийг төлөвлөх зэрэг оюун санааны хөдөлмөр бол тэдний гэртээ хийдэг нүдэнд үл үзэгдэх хөдөлмөр мөн. Үүнээс болж эмэгтэйчүүдэд бачимдаж, үнэлэгдэхгүй байгаа мэт санагдах нь элбэг хэдий ч нэгэнт эл ажил нүдэнд харагдаж, гарт баригдахгүй учраас өрхийн тэргүүнүүд эзэгтэйгээ ямар их ажил хийж буйг мэдэх боломжгүй юм. Ийм учраас энэ бол оюун санаанд өрнөдөг, нүдэнд үл үзэгдэх хөдөлмөр юм.

Нэгэн ээж ийм хөдөлмөр ямар санагддагийг нүдэнд үзэгдтэл оновчтой тайлбарласан: “Би дөрвөн ам бүлтэй гэр бүлдээ шаардлагатай 8000 жижиг сажиг ажлыг толгойдоо санаж авдаг. Учир нь эдгээр ажлууд намайг үг хэлэхийн завдалгүй л өрхийн гүйцэтгэх захирал болсон миний үүрэг болчихсон. Би уг нь энэ албан тушаалд нэрээ дэвшүүлээгүй хэрнээ хуримаа хийснээс хойш хоёр дахь хүүхдээ төрүүлэх хооронд л тушаал “ахисан” байсан даа.”

ЦАЛИНГҮЙ ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Эмэгтэйчүүд оюун санааныхаа хөдөлмөрөөс үүдэлтэй маш их цалингүй ажил эсвэл гэрийн ажлуудыг хийх нь түгээмэл тохиолдоно. Цалингүй хөдөлмөр бол яг л нэр шигээ, та хийсэн ажлынхаа төлөө цалин авахгүй байна гэсэн үг. Үүнд хувцас угаах, аяга таваг угаах, хүүхэд харах, нохойгоо хооллох, шалаа угаахaac өгсүүлээд жагсаавал дуусашгүй. Цалингүй хөдөлмөрийг мөн гэрийн ажлын хөлс гэж ойлгож болгоно.

Нью-Йорк Таймс сэтгүүлд дурдсанаар, 2019 онд “Америк эмэгтэйчүүд гэр зуур хийдэг цалингүй ажил, хамаатнуудаа асарсан ажлынхаа төлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинг авдаг байсан бол тэд өнгөрсөн жил 1.5 триллион долларын орлого олох байсан” гэжээ. Америкийн Нэгдсэн Улсад энэхүү тоо хэмжээ нь эмэгтэй хүн өдөрт дунджаар дөрвөн цагийг цалингүй хөдөлмөрлөж, харин эрчүүд гучин минутыг цалингүй хөдөлмөрлөхөд зарцуулсантай тэнцэж байна. Энэ тоог бодоод үзвэл эмэгтэйчүүд жил бүр эрчүүдээс 22 өдрөөр илүү цалингүй хөдөлмөр эрхэлсэнтэй тэнцэж байна.

ОФФИСЫН ГЭРИЙН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Та гэртээ цалингүй хөдөлмөрлөж болж байгаа бол ажил дээрээ ч гэсэн цалингүй хөдөлмөрлөх боломжтой. Үүнийг оффисын гэрийн ажил гэнэ. Энэ төрлийн ажилд, хурал зөвлөгөөн болоод хурлын танхимыг товлох, ажилчдад төрсөн өдрийн мэндчилгээний ил захидал авах, оффисын бичиг хэргийн хангамжийг хариуцах зэрэг орно.

Жоан Вильямс, Марина Мултаюп нар Харвардын Бизнесийн Тоймд нийтлэхдээ, “Оффисын гэрийн ажил хэний ч нүдэнд өртөхгүй өрнөдөг. Зарим нь удирдах албан тушаалтнуудын хийдэг, компанийг авч явахад шаардлагатай ажлууд байдаг, тэмдэглэл хөтлөх эсвэл хурлын цагийг бүгдэд нийцүүлэн товлох гэх мэт. Зарим нь сэтгэл санааны хөдөлмөр байдаг (“Сэтгэл санаа чинь тавгүй байгаа юм уу? – Нуухаа мартав аа”). Эсвэл зарим нь чухал хэрнээ үнэлэгддэггүй ажлууд байдаг, жишээ нь, шинэ санаа хэрэгжүүлэх эсвэл гэрээний хэрэгжилтийг хянах гэх мэт. Эдгээр ажлуудыг хэн нэгэн нь хийх ёстой боловч эдгээрийг хийснээр тухайн хүний карьерт огт нэмэр болохгүй.”

ЭНЭ БҮГД ХООРОНДОО ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?

Эдгээр хөдөлмөрүүд аль нэг талаараа төстэй гэж та бодож байна уу? Та бараг зөв бодлоо…

Гэрийн ажил эсвэл оффисын гэрийн ажил таны сэтгэл санаанд хэр их нөлөөлж байгаа болон тухайн нөхцөл байдлаас хамгийн их хамааралтай байдаг байна.

Юун түрүүнд сэтгэл санааны болон цалингүй хөдөлмөрийн тухай авч хэлэлцье. “The Atlantic” сэтгүүлийн 2018 оны буланд “Хэрвээ хүн хийх ёстой гэрийн ажлаа санаад бусад хүмүүст хийхийг даалгавал энэ нь сэтгэл санааны хөдөлмөр болох уу?” гэсэн асуултад Арли Хохшилд ийн хариулжээ: “Энэ ажлыг би оюун санааны хөдөлмөр гэж хэлнэ ээ. Гэхдээ энэ ажлаас улбаалаад ямар нэг юм мартах вий гэсэн айдсаа зохицуулж байвал сэтгэл санааны хөдөлмөр нэгээхэн хэсэг нь болж байна гэсэн үг.”

Гол ялгаа нь, гагцхүү, сэтгэл хөдлөл үүнд оролцож байна уу, үгүй юү гэдэгт л оршино. Иймд хөдөлмөр нь угтаа сэтгэл санааных биш байлаа ч нөхцөл байдал, хүнээсээ шалтгаалаад сэтгэл санааны хөдөлмөрийг оролцуулж болно.

Оффисын гэрийн ажлыг сэтгэл санааны хөдөлмөрийн талаас нь авч үзвэл, оффисын найз нөхдөөрөө гарахаар төлөвлөх нь оюун санааны хөдөлмөрт тооцогдоно. Гэвч энэ ажил таны сэтгэлийг үймүүлж байгаа бол сэтгэл санааных болно.

ЭРЧҮҮД ЯАЖ СЭТГЭЛ САНААНЫ ХӨДӨЛМӨРӨӨС ХУВААЛЦАЖ БОЛОХ ВЭ?

Ажлын байранд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил хэмжээний сэтгэл санааны хөдөлмөр эрхлэх ёстой гэж бодож байна. Сэтгэл санааны хөдөлмөр нь таныг цалинжуулдаг ажил дээр сэтгэл хөдлөлөө хянахыг шаарддаг учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаагүй шаардлага тавигдана. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, та рестораны ажилчдаас тухайн хүнийг ямар ааштай байгаагаас эсвэл танаас өөр бодолтой байгаагаас үл харгалзан тантай хүндэтгэлтэй, уриалагхан харьцахыг шаардана. Өөр бусад сэтгэл санааны хөдөлмөр ихээхэн шаардсан ажилд ч мөн хүйсийн ялгаа үгүй.

Харин өрхийн ажилд эрчүүд илүү сэтгэл санааны хөдөлмөр эрхэлж болно. Сэтгэл санааны хөдөлмөр уг нь цалинждаг ажилд хамаатай боловч бас цалингүй, оюун санааны хөдөлмөрт ч мөн тохиолдож болно. Хосын харилцааны сэтгэл санааны хөдөлмөрийг зохицуулахад их ярвигтай.

Миний бодлоор, хүмүүс оюун санаа болон гэрийн ажлыг тусад нь авч үзээд сэтгэл санааныхтай холиод байх шиг. Хийх ажлын жагсаалт гаргах, хувцсаа угаах, найзынхаа үдэшлэгний урилгад хариу өгөх бол гэрийнх ч, оюун санааных ч ажил мөн. Эдгээр ажлуудад ямарваа сэтгэл хөдлөл оролцож байж л сэтгэл санааных болно. Үүнээс болж танд дарамттай, бачууралтай, санаа зовнисон мэдрэмж төрвөл та сэтгэл санаагаараа хөдөлмөрлөж байна гэсэн үг. Гэрийн ажил бол сэтгэл санааны хөдөлмөр биш. Гэхдээ та гэрийн ажлынхаа 95%-ийг гүйцэтгэдэгээс болж гар доорх ажлаа амжуулж чадахгүй, үстэй толгой чинь арзайж байгаа мэт санагддаг бол, бас таны хань хөдөлмөрийг чинь үнэлэхгүй, тусалдаггүй бол эндээс сэтгэл санааны хөдөлмөр үүсэх нөхцөл бүрдэж байна.

ҮҮНИЙГ ХЭРХЭН БОЛИУЛАХ ВЭ?

Та туршлагаасаа мэдэж байгаа байх, эмэгтэйчүүд ажлыг амжуулаад сурчихсан гэдгийг. Ажил дээр ч, гэрт ч, ажлыг сайн хийхийг хүсвэл өөрөө хий гэсэн үг бидэнд үйлчилдэг. Гэхдээ бид заавал тэгэх албагүй бол ямар вэ? Үүнийг болиулах арга олсон гэвэл ямар вэ?

Юуны өмнө, танд залхмаар санагдахгүй байна уу? Ажил л бол ажил шүү дээ. Оюун санаа, сэтгэл санаа, биеийн хүчнийх ч бай, бүх ажлыг өөр дээрээ үүрэх нь таныг эрт орой дарамтад оруулж, тамирдуулахаас өөрцгүй. Тэгээд ч та бүгдийг нь заавал ганцаараа үүрэх албагүй. Би дахиад хэлье, та бүгдийг нь ганцаараа үүрэх албагүй шүү.

Бидэнд шидэт шийдэл байхгүй ч томоохон өөрчлөлт авчрах дараах жижиг зөвлөгөөнүүдийг хүргэе.

Бусдын туслалцааг ав.

Танд ганцаараа хийх нь хурдан, хялбар санагдаж байлаа ч бусдаас тусламж авахад гэмгүй. Оффис болон өрх гэрийнхээ ажлыг хуваалцахад буруудах юм байхгүй шүү дээ. Хүмүүс танд эргүүлээд талархах ч юм билүү. Шинэ юм сурахыг хүсч буй шинэ ажилтнаа төсөлдөө туслуулж, ажил хуваарилж өгвөл аль аль талдаа ашигтай.

Нэг үүрэг даалгавар дээрээ гацаад мунгинаж суухаар даргатайгаа уулзаж, мэдэх зүйлс болоод хэрхэн ахиц гаргахаа асуу. Таны дарга таныг юу хийхээ мэдэхгүй үр өгөөжгүй сууж, өөрийн болон компанийн үнэт цагийг үрж байхын оронд өөрөөс нь асуухыг илүүд үзнэ гэдгийг баттай хэлье.

Харин гэрт чинь, таны хань гэрийн ажлаас зайлсхийгээгүй байх (ядаж ихэнх тохиолдолд). Хүн бүрээс үргэлж сайныг харах гэж хичээгээрэй. Хүмүүсийн дийлэнх хувь нь аяга тавгаа угаахгүй, хүнсний ногоо цуглуулахаа мартсанаар таны амьдралыг санаатайгаар хүндрүүлье гэсэн бодолтойгоор өглөө сэрдэггүй шүү дээ. Эхэндээ тусламж гуйхад тавгүй, хэцүү санагдаж магадгүй ч та тэдэнтэй харилцах үүд хаалгаа нэг л нээчихвэл амьдрал тань илүү амар болох болно.

Ярихыг хүсэхгүй сэдвүүдийг ярилцах.

Бусдын туслалцааг авч, ажлын ачаагаа хуваалцахын тулд та зайлсхийж байсан тэрхүү сэдвүүдийг дэлгэх хэрэгтэй. Даргадаа өөрт чинь ямар байгааг хэлэх, юунд тусламж хэрэгтэй байгааг хэлэх, ханьдаа хэрхэн оюуны болон цалингүй ажлаа хуваалцвал танд ямар түшигтэй байхыг ярилцах амаргүй. Гэхдээ л ахиц гаргахын тулд эдгээрийг ярилцахаас өөр аргагүй. Асуудлын шийдлийг яг тэр мөчид ярилцаад олно гэсэн баталгаа байхгүй ч та харилцааныхаа анхны алхмыг тавьж тэр чинь ирээдүйн харилцааны үр жимсийг ургуулж магадгүй юм.

Ухаантай ажилла.

2020 он болж байна, технологи бол бидний найз. Таны мөрөн дээрх ачааг хугаслах олон жижиг сажиг аргууд бий. Хэдэн жишээ дурдахад: ажлаа хуваарил, утсан дээрээ хийх ёстой чухал зүйлс, мартаж болохгүй зүйлс дээрээ сэрүүлэг тавьж, хань эсвэл найзуудтайгаа календариа хуваалц эсвэл энэ ажлыг хийх хүн хөлсөлж болно шүү дээ. Таны цаг, хүч хөдөлмөр, сэтгэлийн эрүүл мэнд бол үнэтэй хөрөнгө учраас ажиллах, амьдрах арга барилаа шаардлагагүй хүндрүүлэхийн оронд үр ашигтай байлга.

Бусдад туслахаасаа урьтаж өөртөө санаа тавь.

Та онгоцонд нисэж байлаа гэж бодъё. Онгоцны үйлчлэгчид аюулгүйн зөвлөмжийг танилцуулахдаа, таныг бусдад туслахын өмнө эхлээд өөрөө хүчил төрөгчийн баг зүүхийг анхааруулдаг. Ажилд мөн ижил зарчим үйлчилнэ. Эхлээд бусдад тусалбал дараа нь өөртөө туслах эрч хүч танд үлдэхгүй. Tany хэрэгцээ эхэнд.

Хуваарь болон хийх ажлын жагсаалт гаргаж, чухлаар нь ангил.

Оюун санааны хөдөлмөрийн дийлэнх нь бидний өдөр хоног, долоо хоногоо төлөвлөхөд зарцуулагддаг. Ажлын хуваарь, чухал сүүлчийн хугацаануудаа төлөвлөсний дараа хоол, дасгал, гэрийн ажил болон замд учрах нь баттай гэнэтийн ажлуудаа хуваарилаарай. Энэ ч их ажил шүү.

Ачаалал, стрессийг хөнгөвчлөхийн тулд тухайн өдөр, долоон хоногийг эхлэхээс өмнө сайтар төлөвлөх хэрэгтэй. Хийх ажлын жагсаалтаа гаргасны дараа өнөөдрийн дотор амжуулах ёстой ажил, энэ долоо хоногт амжуулах ёстой ажил болоод хийвэл гоё ч одоохондоо шаардлагагүй ажлуудыг ангилна.

Чухал уулзалт, оройн зоог, ажлыг календарьдаа тэмдэглэ. Үүнийгээ хамт амьдарч буй хүнтэйгээ хуваалцвал бүүр ч дээр, тэд таныг юунд бэлдэж байгааг, хэзээ тусалж болохоо мэдэж болно.

Гэхдээ таны хуваарь хэзээ ч 100% төлөвлөснөөр болохгүй боловч ядаж л ажлууд асуудалгүй урагшилж, цагаас нь өмнө бэлдсэн ажлыг хамгийн сайнаараа хийж оюун санаанаас чинь тал ачаа хөнгөрөх нь лавтай.

Хөдөлмөрийнхөө балансыг олох бол үргэлжилсэн үйл явц. Нэг шөнийн дотор өөрчлөлт гарахгүй. Гэвч та хоёр хамтдаа суралцаж, өсөж дэвших ганц зам бол энэ тухай ярилцах анхны алхмыг хийх явдал юм.