Тослог арьсыг номхруулах “ТОП 4” орцууд

Тослог арьсыг номхруулахад танд эдгээр “ТОП 4” орцууд л хэрэгтэй гэж арьсны эмч нар зөвлөж байна

Хэрвээ та тослог арьстай бол таны арьс гэрэлтэн гялтганаж харагдах эс бөгөөс загалтсан тослог харагдахын ялгаа нь юундаа байдгийг дэндүү сайн мэдэх биз ээ. Энэ хоёр туйлын аль талд нь гарах эсэх нь таны өөрөө өөрийнхөө арьсанд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэж байна уу, үгүй юү гэдгээс 100% шалтгаална. Гэлээ гээд заавал арав, хорин төрлийн серум, тос, маск хэрэглэх албагүй шүү. Харин ч арьсны эмч нар таныг зөв л орц найрлагаа сонгож чадвал дөрөвхөн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай гэж байна.

Арьсны нүхнээс хэт их себум/тослог ялгарснаас болж арьс тослогтох бөгөөд үүнийг үүсгэгч цөөн хэдэн хүчин зүйлс бий. Таны амьдарч буй орчин (их бохирдолтой орчин = их тослог), таны стрессийн төвшин (их стрессийн гормон = их тослог), таны гормоны хэлбэлзэл (таны гормоны тэнцвэр алдагдах = их тослог ялгарах) зэрэг нь өдөр тутамд таны арьс хэр их тослогтохыг шийддэг. Түүнчлэн, тослогтоно гэдэг нь батга гарахын цондон гэдгийг тослог арьстай хэн бүхэн мэдэж байгаа байх. Хэт их ялгарсан тослог нүхэн дотроо бөглөрч гарч чадахгүй болохыг батга гэдэг. Бөглөрсөн тослог яваандаа бактери болон арьсны үхэжсэн эд, эстэй холилдож үрэвсэлтэй, идээт батга үүсгэнэ.

Гэхдээ тослог арьстай байх нь заавал муу гэсэн үг биш ээ: Судалгаагаар тослог арьстай хүмүүс нас ахисан ч бага үрчлээ суудаг нь нотлогдсон байна. Арьсны себум өөртөө чөлөөт радикалын эсрэг тэмцдэг Витамин Е-г агуулдаг учраас арьсыг гадаад орчны гэмтлээс хамгаалж чаддаг (танд л гэж хэлэхэд, бусад хүмүүс Витамин Е-ийн бэлдмэлд их мөнгө зарцуулдаг юм шүү). Нэгэнт таны арьс өөрөө их өндөр үнэтэй орцыг ихээр ялгаруулдаг юм чинь би бусад хэрэгтэй орц найрлагуудыг тойруулалгүй нэрлээд явчихъя. Тослог арьсны авралын элч болох “ТОП 4” орцууд бол…

РEТИНОЛ

Ретинолын арьсны нөхөн төлжилтийг түргэсгэх чадвар (арьсны хуучин үхэжсэн эд эсийг зайлуулж, шинэхэн эд, эсүүдийг арьсны гадаргууд гаргаж ирнэ гэсэн үг) бол жинхэнэ тослог арьсны авралын элч юм. Арьсны нүхийг голцуу арьсны үхэжсэн эд, эсүүд эзэлж бөглөдөг учир батга гарамтгай арьсны нөхөн төлжих явцыг түргэсгэснээр бөглөрсөн арьсны нүхийг нээх боломжтой юм. Ийм учраас, арьсны эмч нар үргэлж Retin-A эсвэл бусад төрлийн Витамин А-ийн (Ретинол гэдэг нь Витамин А-ийн нэг төрөл юм) эмийн жор бичиж өгдөг байх нь ээ!

 

“Арьсны нүхэнд чинь эдгээр хаягдал эсүүд хэт их хуралддаг учир эднийг зайлуулж байж арьсны нүхээ бөглөрөхөөс сэргийлнэ”

Түүнчлэн зарим жороор олгогддог ретинойдуудыг (tazarotene, tretinoin ялангуяа) арьсан дээрээ түрхэж хэрэглэхэд нүхжилт багасдагийг олон судалгаагаар нотолжээ. Одоогоор ретинол себумын ялгарлыг багасгадаг гэдгийг нотлох баримттай, үндэслэлтэй судалгаа байхгүй хэдий ч Ретинолыг хэрэглэсний дараа арьс хуурайшиж, холцруутдагаас нь дүгнэвэл, Ретинол арьсан дээрх тослогийн хэмжээг бол бууруулдаг гэдэг нь баттай гэж мэргэжлийн эмч нар дүгнэж байна.

 

 

САЛИЦИЛЫН ХҮЧИЛ

Арьс арчилгаанд ашиглагддаг бүх төрлийн хүчлүүдээс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй салицилын хүчил л тослог арьсны батгыг дарангуйлагч хамгийн сайн найз чинь юм. Салицилын хүчил үхэжсэн эд эсийг задалдаг учир тослог арьсанд нэн тохиромжтой.

 

Cалицилын хүчлийг арьсны нүхний гүнрүү нэвтрэн орж бохирдол, хаягдлыг цэвэрлэдэг. Дээрээс нь, тослог арьсанд түгээмэл тулгардаг цагаан болон хар батгыг ч гэсэн багасгадаг.

 

 

 

 

ГИАЛУРОНЫ ХҮЧИЛ

Тослог арьстай учраас арьсаа чийгшүүлэх шаардлагагүй гэсэн түгээмэл буруу ойлголт бүсгүйчүүдийн дунд их бий. Та хэт хүчтэй цэвэрлэгчээр нүүрээ угааснаас болж, эсвэл хуурай уур амьсгалаас болж арьс чийгээ алдахад, алдсан чийгээ нөхөж тэрхүү хуурайшсан мэдрэмжийг намдаахын тулд арьс илүү их тослог ялгаруулж хариу үйлдэл үзүүлдэг.

 

Арьс гормоноос ялгарч буй дохиогоор илүү их тослог ялгаруулахаас гадна гадаргуугаа чийгшүүлэхийн тулд тослог ялгаруулдаг. Иймээс, арьсыг өөрөө өөрийгөө чийгшүүлэхийн тулд их тослог ялгаруулахаас сэргийлж бид арьсаа тааламжтай, сайхан чийглэг байлгах хэрэгтэй. Чингэхийн тулд, гиалуроны хүчил агуулсан серумийг чийгшүүлэгч тосныхоо өмнө түрхэж хэрэглэвэл маш сайн үр дүнг үзүүлнэ. 

 

 

НИКОТИНАМИД

Чийгшүүлэгч гэснээс, та шошгон дээрээ Niacinamide гэж бичсэн бүтээгдэхүүнийг арьс арчилгаандаа оруулаарай. Энэхүү найрлага нь (өөрөөр Витамин B3 гэж нэрлэдэг) үрэвслийг намдааж, эрүүл коллагений үйлдвэрлэлийг эрчимжүүлдэг учраас бүх төрлийн арьсыг тайвшруулдаг супер орц юм.

 

Энэ нь яагаад тослог арьсанд хэрэгтэй вэ гэж үү?

Учир нь, 2%-ийн никотинамидыг дөрвөн долоо хоногийн турш арьсан дээрээ түрхэж хэрэглэхэд арьсны себум/тослог ялгаруулалтын хэмжээ буурсан байсныг нэгэн судалгаагаар нотолсон болохоор тэр. Иймээс, никотинамид агуулсан чийгшүүлэгч таны арьсыг чийгээг хангахын сацуу арьсыг өөрөөсөө хэт их тослог ялгаруулахаас сэргийлэх юм.