#SUNSAFE Хүүхдийн арьсыг нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Насанд хүрсэн хүн болгон өдөр бүр нарны тос түрхэж арьсаа нарны туяанаас хамгаалах ёстой байдагтай адил хүүхдийн арьсыг ч гэсэн наранд түлэгдэхээс сэргийлж өдөр бүр нарнаас хамгаалах хэрэгтэй. Гэхдээ хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж мэдэхгүй учраас эцэх эх бид хүүхдэдээ зааж сургаж, нарнаас хамгаалах хэрэгтэй. 

“Бага насандаа 5-аас дээш удаа наранд түлэгдэж байсан бол арьсны хорт хавдар тусах магадлал 80% нэмэгддэг.”

 

Хүүхдээ нарнаас хамгаалахад тань туслах зөвлөгөө:

  • Нарнаас тусах UVA, UVB хэт ягаан туяа хоёул арьсны хорт хавдар үүсгэдэг тул та заавал SPF болон PA тэмдэглэгээтэй нарны тос сонгох хэрэгтэй.
  • Химийн найрлагатай нарны тос хүүхдэд харшил өгөх магадлалтай тул “физикал/минерал” нарны тос сонгоорой. Эдгээр нь цайрын исэл /zinc oxide/, титаны давхар исэл /titanium dioxide/ гэсэн эрдэс бодисыг ашигладаг учраас харшил өгдөггүй.
  • Илүү дутуу найрлагагүй хамгийн энгийн нарны тос сонгоорой. Жишээлбэл, хурц үнэр оруулагч, өнгө оруулагч, усны хамгаалалт болон цайруулах, хөгшрөлтийн    эсрэг нэмэлт үйлчилгээтэй нарны тос зэргээс зайлсхийгээрэй.
  • Чийгшүүлэгч тос шиг харамхан түрхэж болохгүй, том хүний нүүрэнд л гэхэд хоёр хурууны урттай хэмжээгээр эсвэл зоосны хэмжээгээр авч түрхдэг, хүүхэд мэдээж үүнээс илүү багыг түрхэнэ.
  • Нүүр гар, тохой, хүзүү, хөл, цээж, чих гээд наранд ил гарсан биеийн бүх хэсэгт түрхээрэй.
  • Тасралтгүй наранд гарч байгаа бол хоёр цаг тутам давтан түрхээрэй. Нарны тос хэт ягаан туяаг шингээхийн хэрээр задардаг шүү.
  • Зөвхөн аялал зугаалгаар явахдаа түрхэнэ гээд хадгалж болохгүй өдөр тутмынхаа зуршил болгох хэрэгтэй. Нарны UVB туяа шил нэвтэлдэггүй боловч UVA нь цонхны цаанаас ч гэсэн тусч л байдаг.
  • Шүршдэг нарны тосыг хүүхдийнхээ ам, хамарруу оруулахгүйн тулд ам, хамраа жимий гэж хэлж байгаад цацаарай. Жигд цацаж түрхэх хэрэгтэй шүү.

Та манай дэлгүүрт зарагдаж буй нарны тоснуудыг энд дарж үзнэ үү.

Хэрхэн хүүхдийнхээ арга эвийг олох вэ?

  • Нарны тосыг хүүхдэдээ өдөр тутмын хэвшил болгоорой. Гадаа гарах тоолонд нь нарны тосоо түрхүүлж, малгай, гутлыг нь өмсгөж дасгаарай.
  • Та өөрөө хүүхдийнхээ үлгэр дууриал болоорой. Наранд гарахдаа өргөн саравчтай малгай, нарны шил, битүү хувцас, нарны тосоо түрхэж хүүхдэдээ нарнаас хамгаалах нь ямар чухал болохыг үзүүлэх хэрэгтэй.
  • Хүүхдийнхээ саналыг асууж, өөрт нь нарны тосоо сонгох боломжийг олгоорой. Мөн эхлээд биеийн аль хэсэгтээ түрхмээр байгааг асуух зэргээр хүүхдэд эрх мэдлийг нь олговол хүүхэд үгэнд илүү сайн орно.
  • Утсан дээрээ нарны тосоо давтан түрхэх цаг дээрээ сэрүүлэг тавиад, хүүхдэдээ “за бүгдээрээ 5 минутын дараа нарны тосоо түрхээд, жоохон амарцгаая!” гэх мэтээр урьдчилж сануулаарай.
  • Нарнаас хамгаалах хувцаснуудад нь сонирхолтой нэр өгөөд, хөдөө явах гэж байгаа бол “ковбой малгай, робот нүдний шилээ зүгээрэй”, голд сэлэх гэж байгаа бол “акулынхаа усны хувцсыг өмсөөрэй” гэх мэтээр хүүхдэд өмсөх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй.

 

Нярай хүүхдийг хэрхэн нарнаас хамгаалах вэ?

6 сар хүрээгүй нярай хүүхдийг нарны шууд тусгалаас холдуулах нь зүйтэй. Нарнаас Д витамин авч чадахгүй гэж санаа зовж байгаа бол 11:00-16:00 цагаас бусад цагуудаар 30 минут л наранд гаргаарай. Арьсыг нь ил гаргах тусам их Д витамин авах бөгөөд бүх л биеийг нь хуччихаад наранд удаан байлгавал тийм ч үр дүнгүй байна. 6 сараас дээш нярай хүүхдэд нарны тос түрхэж болно; ингэхдээ физикал нарны тос сонгоорой.

 

Наранд түлэгдсэн үеийн тусламж

Наранд түлэгдэхээс нь сэргийлэх бол хамгийн зөв арга. Гэхдээ хэрвээ таны хүүхэд нэгэнт наранд түлэгдсэн бол хүйтэн жин тавьж, өвчин намдаах эм уулгаж (өвдөж байгаа бол), зуун наст түрхэж арьсыг нь тайвшруулах хэрэгтэй. Нарны туяа хүүхдийн арьсыг түлж, цэврүүтүүлж, хуурайшуулсан бол эсвэл хүүхэд тань халуурч байгаа бол хүүхдийн эмчид яаралтай хандаарай.

Эмзэгшсэн арьсыг тайвшруулж, улайлтыг намдаана

Эмзэг арьсыг тайвшруулж, чийгшүүлэх ба арьсанд харшил өгөхгүй

Органик зуун настын гель нь арьсыг чийгшүүлж, тайвршуулна

 

 

 

 

 

 

 

Beauty Secrets-ийн хамт олноос Тавдугаар сарыг Арьсны хорт хавдартай тэмцэх сар болгон зарлаж, нийт худалдан авагч нартаа арьсны хорт хавдрын талаар ойлголт түгээх, зөвлөгөө олгох #SUNSAFE кампанит ажлынхаа хүрээнд уншигч та бүхнийг нарны тос түрхэж заншихыг уриалж байна.