Урин дулааны улиралд тааруулан арьс арчилгаандаа гаргах өөрчлөлтүүд

Бид яагаад улирлын аясаар арьс арчилгаагаа өөрчлөх хэрэгтэй вэ?

Улиралд солигдоход агаарын температураас гадна даралт өөрчлөгдөж, агаар дах чийгийн хэмжээ ч гэсэн хэлбэлздэг учир бидний арьс үүнийг дагаад нэг бол хуурайшиж эмзэгших, эсвэл тослогтон батгаших асуудалтай тулгардаг бөгөөд чухам энэ үед бид улиралдаа таарсан арьс арчилгааг хийснээр арьсаа эрүүл байлгах ач холбогдолтой юм.

Дулааны улиралд арьс хэрхэн өөрчлөгддөг вэ?

Дулааны улиралд халуун, бүгчим уур амьсгал, хүчтэй нарны туяа зонхилох учир биеийн температурыг бууруулах гэж арьс хөлс их ялгаруулж арьсны нүх бөглөрөх, нарны туяанаас арьс өөрийгөө хамгаалах гэж борлох эсвэл түлэгдэх, нарны толбо буюу нөсөө толбо үүсэх, хуурайшихаас сэргийлэх гэж их тос ялгаруулж батгаших эрсдэлтэй байдаг.

Тэгвэл дулааны улиралд арьс арчилгаагаа ямар өөрчлөлтүүдийг гаргах вэ?

  • Хүйтэн усаар шавших

Халуун ус чийгийг ууршуулж арьсыг хуурайшуулахаас гадна гэмтээдэг учир хүйтэн усаар нүүрээ шавших эсвэл шүршүүрт орвол а) цусны судсууд агшиж хаван буурна, б) биеийн температур буурч бага хөлөрнө, в) нүүрний улайлт багасаж, арьс хөрж тайвширна. Гэхдээ оройдоо нүүрний будгаа арилгахын тулд заавал бүлээн усаар угаах шаардлагатай учир та дараа нь хүйтэн усаар нүүрээ шавшиж эсвэл мөсөөр жин тавьж болно. 

  • Илүү гүн цэвэрлэх

Илүү гүн цэвэрлэх гэдэг нь илүү их цэвэрлэнэ гэсэн үг биш бөгөөд та өдөрт нүүрээ олон дахин угаах/ үрж гуужуулах, чийгшүүлэх тос түрхэхгүй байна гэсэн үг биш. Дулааны улиралд таны арьс их хөлөрч, тослогтож бохирдох учир

а) арьсыг гүн цэвэрлэх, б) тослог арьсанд зориулсан, в) хөөсөн угаагчаар цэвэрлэвэл илүү тохиромжтой.

Түүнчлэн арьсны бохирдол, илүүдэл тосыг гүн цэвэрлэхийн тулд долоо хоногт 1-2 удаа шавар маск тавьж болно.

  • Хүчиллэг гуужуулагч хэрэглэх

Хүчиллэг гуужуулагчид дулааны улиралд арьсны нүхийг бөглөрч, батга гарахаас сэргийлэхэд хамгийн үр дүнтэй байна. Ялангуяа BHA хүчлүүд тосонд уусдаг учир илүүдэл тосыг уусгахад үр дүнтэй байна. Хэрвээ та нүүрээ тогтмол гуужуулахаа мартдаг, завгүй байдаг бол арьсыг өдөр бүр зөөлнөөр гуужуулах AHA, BHA, PHA агуулсан угаагч, тонер, пад ашиглавал тохиромжтой. Гэхдээ өндөр хувьтай хүчлүүдийг өдөр бүр хэрэглэхээс зайлсхийгээрэй.

  • Хөнгөн чийгшүүлэх

Чийгшүүлэгч тос нь арьсны гадарга дээр бүрхүүл үүсгэж өмнө түрхсэн бүтээгдэхүүн болон чийгийг ууршин алга болохоос сэргийлж, арьсыг илүү удаан чийглэг байлгаж хамгаалдаг учир энэ алхмыг аль ч улиралд алгасаж болохгүй. Хэрвээ таны чийгшүүлэгч тос шингэж өгөхгүй өтгөн санагдаж байгаа бол усан суурьтай, шингэн, гелин бүтэцтэй эсвэл илүүдэл тос тэнцвэржүүлэх, зөөлөн гуужуулах үйлчилгээтэй чийгшүүлэгч тос түрхээрэй. 

  • Өглөөдөө минимал арчилгаа

Өглөөдөө ердөө цэвэрлэгч – тонер – чийгшүүлэгч – нарны тос гэсэн минимал дарааллаар арьсаа арчлаарай. Шингэцийг удаашруулах нэмэлт алхмуудыг оройн арьс арчилгаандаа шилжүүлээрэй.

  • Витамин Ц + нарны тос

Хэдий жилийн 4 улиралд нарны тос түрхэх хэрэгтэй ч гэлээ дулааны улиралд нарны тосоо байнга биедээ авч яван наранд удаан байхынхаа хэрээр хоёр цаг тутам дахин түрхэж, биеийн бусад ил гарсан хэсэгтээ (нүд, уруул, чих, хүзүүгээ ч гэсэн марталгүй) ч гэсэн марталгүй нарны тос түрхээрэй. Харин Витамин Ц, Е нь антиоксидант учраас нарны хэт ягаан туяанаас үүсэх гэмтлээс арьсыг хамгаалж нарны тосны хамгаалалтыг илүү төгөлдөржүүлнэ. Хавар олон хүмүүсийн харшил хөдөлж, арьс эмзэгшиж болзошгүй учир “calming, soothing, hypoallergenic, antioxidant” бүтээгдэхүүн сонгоорой. 

  • Идэвхт найрлагуудаа зөв сонгох

Ретинол болон гуужуулагч хүчлүүд арьсыг нарны гэрэлд мэдрэг болгодог тул зөвхөн орой хэрэглэх, өнжиж түрхэх, хамт хэрэглэхгүй байх, бага хувьтайгаас нь эхлэн арьсаа аажмаар дасгах, өдөртөө заавал нарны тос түрхэх зэрэг өөрчлөлтүүдийг оруулаарай.