“Цас хаялсан өдрүүд ирлээ. Цас өөрөө баярыг аваад ирэв үү гэлтэй догдлол дүүрэн шинэ жилийн баярын уур амьсгал хүн бүрийн цээжинд байгаа мэт сар айсуй. Өвлийн жавар хараахан эхлээгүй байгаа ч хайр найргүй хацар хайрах 11 дугаар сарын анхны зочноор цовоо дуу хоолойтой, өөрийн гэсэн өнгө төрхийг аль хэдийн таниулаад амжсан нэгэн бүсгүйг My Top Shelf буландаа урьж оролцуулан халуун дотно яриа дэлгэснээ бүсгүйчүүд та бүхэндээ хүргэж байна. Олон нийт Өрөгийн Болорчимэг гэдгээр илүү мэдэх байх харин My Top Shelf булан Болорчимэгийн гоо сайхан болоод дотоод ертөнцөөр аялуулах болно.”
А: Та бидэнд бага насаа хаана өнгөрүүлсэн, одоогийн ажил мэргэжлээ яагаад сонгосон талаар дэлгэрэнгүй хуваалцахгүй юу.
Х: Сайн байна уу, Болорчимэг байна. Би Дорнод аймагт төрсөн. Xөдөөнийх гэж хэлж болно. /инээв/. Дорнодод арван жилээ төгсөөд хотод орж ирж байлаа. МУБИС-г Монгол-Англи багшийн ангиар бакалавр хамгаалсан. Багшаас илүү сэтгүүл зүйн салбарт сонирхолтой байсан болохоор дөрөв дүгээр курсээсээ “Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүл Зүйн” курст сураад сэтгүүлчийн гараагаа тавьж байсан. Зэрэг хоёр сургуульд сураад л, хоёр диплом бичээд л, хоёр дадлага, хоёр зугаалга гээд л төгсөж байлаа. Төгсөөд хоёр, гурван жилийн дараа ХУИС-ийг бизнесийн удирдлагын мастераар хамгаалсан. Төгссөнөөсөө хойш одоог хүртэл сэтгүүлчээрээ ажиллаж байна даа.
Хамгийн анх ажлын гараaгаа “Шинэ Дэлхий” тв-д эхлүүлж байсан. Үүний дараагаар буюу 2013 оны сүүлээр “Бизнес өрөг” нэвтрүүлгээ эхлүүлээд одоог хүртэл хийж байна. 2019 онд Urug.mn сайтаа найзтайгаа нийлж байгуулж байсан. Нэг талаараа бизнес, нөгөө талаараа мэдээний редакц авч явна гэдэг том сорилт байлаа.
Энэ жилээс давхар "Тэнгэр" тв-д мэдээний нэвтрүүлэгчээр ажиллаж байна. Нэвтрүүлэгчийнхээ хувьд яаж мэдээг илүү ойлгомжтой, өөрийн үгээр ярих вэ гээд л ажиллах зүйл нэлээн ихтэй байна даа.
Би ер нь жил бүр өөртөө сорилт дэвшүүлээд, өөрийгөө шинэчлээд л явж байдаг төрлийн хүн. Нэг юмаа хийгээд л байвал хөгжихгүй шүү дээ, тэгэхээр хийж байгаа зүйлээ яаж сайжруулах вэ гээд шинэчлээд явдаг.
A: Сэтгүүлч болох амбицаа хаанаас авсан бэ?
Х: Өөрөө ч багаасаа нийгмийн идэвхтэй байсан болохоор ч тэр үү надад сэтгүүлч мэргэжил их тохирхоор санагдсан. Тэгэхээр өөрөө өөрөөсөө амбицаа авсан юм болов уу даа.
A: Арван жилдээ ямархуу хүүхэд байсан бэ?
Х: Бүх зүйлд идэвхтэй, олимпиад, урлаг, спорт гээд л бүгдэд нь оролцдог хүүхэд байлаа. Ямар сайндаа урлагийн үзлэгээр дуулж чадах үгүйгээ ч мэдэхгүй байж би дуулчихъя гэдэг хүүхэд байхав. /инээв/
A: Баримталдаг зарчмаасаа дурдвал?
X: Юманд баригдмал байх дургүй. Хайрцаглагддаггүй. Хамгийн сайнаараа л хийе гэдэг маань миний зарчим юм болов уу даа. Дасгал хийсэн ч олон төрлийн зүйл хийж үзээд, туршаад явдаг даа.
А: Нээрэн, дасгал гэснээс ямар дасгал хийдэг вэ? Өөрийн биеэ хэрхэн хадгалж байна?
X: Өөрөө хөшөөд байгаагаа мэдэрдэг болохоор фитнест тогтмол явдаг. Өвөл ууланд алхах дуртай. Иог, балетаар хичээллэж байсан. Бассейнд ч явж байлаа. Ер нь ямар нэгэн зүйл хийгээд мэдрэмжийг нь мэдрэхийг хүсдэг гэх үү дээ.
Юуг ч гэмээр юм, үүнийг хийж үзсэн хүмүүс юу мэдэрдэг бол гэж их боддог. Жишээлбэл, уулын оройд хүмүүс гарна гээд л зүтгээд байдаг даа яг энэ үедээ юу мэдэрдэг юм бол гэж бодоод тухайн үеийн мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг. Би чинь харахад л уяхан туяхан болохоос extreme зүйл хийхдээ бол дуртай юм байна лээ. Харин, дасгал хийж байгаа үед хөлс их гардаг, тэгэхээр нүрээ огт будаггүй.
"Би чинь харахад л уяхан туяхан болохоос extreme зүйл хийхдээ бол дуртай юм байна лээ."
A: Бусдад санал болгох ном?
X: Г. Аюурзана шинэ үеийн номын сан л гэж хэлнэ дээ. Ялангуяа, Мишель Де Монтень “Сонгодог Эссээнүүд” үнэхээр амттай. Хүний харах өнцгийг тайлбарласан. Маш их ажилтай байсан ч сөхөж харах их дуртай ном.
A: Сонсох дуртай подкаст
X: Монголоос бол Unlock
Гадаадаас бол Hidden Brain
A: Хэрэглэдэг апп дундаасаа нэгийг нь авч үлд гэвэл?
X: Ажлын хэрэгцээгээр трэнд болж буй multimedia бүгдийг нь тогтмол хэрэглэнэ дээ. Үүнээс гадна гэвэл podcast, англи хэлний хичээлийн апп аа авч үлдэнэ дээ.
А: Үлдээж байгаа апп нь хүртэл суралцахтай холбоотой юм аа. Та бүр зогсоо зайгүй сураад л байж байдаг хүн юм шиг ээ?
X: Залхуурах, нозоорох өдөр байна шүү дээ. /Инээв/
A: Амралтын өдөр яг л амарна амралтаас өөр юу ч хийхгүй гэвэл?
X: Охинтойгоо хамт бялуу хийнэ ээ. Гэртээ хүнсээ цуглуулаад тайван сууж бүх юмаа цэгцлэнэ.
A: Гэрийнх нь хамгийн дуртай хэсэг
X: Нар тусдаг гэж том цонхтойг нь сонгож байсан юм. Тэгэхээр нар тусдаг том цонх маань л манай гэрийн миний хамгийн дуртай хэсэг юм уу даа.
A: Мөнгө хайрладаггүй авдаг зүйлс?
X: Хувцсандаа их ач холбогдол өгдөг. Гоё хувцас өмсөөд гоё болоод гарах нь тэр өдөр эрч хүчтэйгээр ажлаа амжуулахад тусалдаг. /инээв/. Робот шиг завгүй амьдрал дунд хувцас, хоол амьдралд их өнгө нэмж байна даа.
A: Завгүй амьдралын хэв маягаас хааяадаа бас өөртэйгөө байх, тайвшрал олох шаардлага байдаг. Таны хувьд хэзээ хаана хэрхэн өөртөө цаг гаргаж хамт байж чаддаг вэ?
X: Төвлөрч суугаад хийж байгаа бүх зүйлийг бясалгал гэж боддог. Тэгэхээр төвлөрөөд ном уншиж л байвал энэ нь өөрөө нэг төрлийн бясалгал.
A: Цухалдах, уцаартай үедээ өөрийгөө яаж тайвшруулдаг вэ?
X: Кофе ууж суунгаа юм бичих их дуртай. Найзуудтайгаа утсаар ярих дуртай. Нэг төрлийн ярьж доторхоо онгойлгодог. Гэртээ хариад нөхөртөө хамаг юмаа ярина. Тэгэхээр би бичиж бас ярьж өөрийгөө цэгцэлдэг болж таарлаа шүү.
"Төвлөрч суугаад хийж байгаа бүх зүйлийг бясалгал гэж боддог. Тэгэхээр төвлөрөөд ном уншиж л байвал энэ нь өөрөө нэг төрлийн бясалгал."
A: Гоо сайхан гэж таны хувьд юу вэ?
X: Хоёр төрлөөр хуваах байх. Гадаад болон дотоод. Гадаад нь бол арьсандаа анхаарал тавих, өөрийгөө арчлах, гоо сайхандаа анхаарах ч юм уу. Харин дотоод гоо сайхан нь бол хүн өөрөө дуртай зүйлээ хийгээд өөртөө итгэлтэй байх юм болов уу. Өөртөө итгэлтэй байх байдал нь эмэгтэй хүнийг их чимдэг, илүү гоо сайханлаг харагддаг. Ярьж хэлж байгаа, хийж байгаа нь хүртэл тэр хүн өөрийгөө олчихсон гэдгийг нь мэдрүүлдэг эмэгтэй их гоё харагддаг даа.
A: Таны гоо сайхны тавиур дээр болон цүнхэнд ямар бүтээгдэхүүнүүд байна вэ?
X: Ийм зүйлс байна даа. Тослогтоод байдаг болохоор хуурай пудр ашигладаг. Бас хиймэл нулимс их чухал шүү. Хүн уруул хатаж байгааг мэдэрдэг ч нүдийг хуурайшиж байгааг мэддэггүй. Тэгэхээр нүдэнд нулимс их чухал шүү.
A: Та сая дурьдахдаа арьс нь тослогтоод байдаг болохоор хуурай пудр ашигладаг гэсэн дээ. Арьс арчилгааны дэглэмээс үүдэлтэй юу?
X: Айхтар тослогтоод байдаггүй. Би чинь ер нь холимог арьстай. Зураг авалтын үед гэрэл ихтэй болохоор тослогтож харагдаад байдаг юм. Багаасаа буруу арчилсаны үр дүнд тослогтдог байж ч магадгүй. Багаасаа нүүрээ савандаж угаадаг байсан ч хангалттай чийгшүүлдэггүй байсан. Тэгэхээр, хангалттай чийг авахгүй арьс чинь өөрөө өөрийнхөө тосны булчирхайг ажиллуулж эхлээд нүхжилт үүсгэдэг юм байна лээ.
A: Арьс арчилгааг хэдэн наснаас хийж эхэлсэн вэ?
X: 10-р ангиасаа байх шүү. Ямар ч байсан хийх хэрэгтэй гэдгээ л их мэддэг байсан. Миний харж өссөн арьс арчилгаа маань нүүрээ савандаж угаадаг байсан гэж санадаг юм. За, тэгээд савандаж их угаана, тос түрхэнэ, маск гээд л тавьдаг байлаа.
A: Одоогийн арьс арчилгааны алтан зарчим?
X: Эфиртэй үед зузаан будалт хийдэг. Тийм болохоор, арьсаа тосон, балман будаг арилгагчаар маш сайн арчиж аваад цэвэрлэх дуртай. Бушуухан ороод л арьсаа цэвэрлэхээ бодож байгаа юм чинь. Нүүрээ арчихаар л нэг тийм хөнгөрөөд л явчихаж байгаа юм. Тонероор үлдсэн бохирдлоо маш сайн арчдаг. Ер нь тонерд маш их дуртай. Арчдаг тонер нэг хэрэглэнэ, шавшдаг тонер бас хэрэглэнэ.
Салфеткан маск тогтмол тавьж, нарны тос их хэрэглэдэг. Бас, хүүхдийнхээ арьсыг маш сайн тосолдог. Өөрөөрөө бодсон ч усанд хүрсний дараа ч арьс хуурайшиж хорсох үе байдаг шүү дээ. Тэгэхээр, хүүхдийн арьсыг ч мөн тогтмол чийгшүүлж тосолдог.
Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй ASIS-TOBE брэндээр зочилох
Dear, Klairs брэндийн витамин Ц серумээс бол салахаа больсон. Маш ихээр биш нимгэн, хэсэгчилж хэрэглэх дуртай. Нөсөө толбо арилгаад амар байдаг юм. Миний арьс нөсөө толбо амархан үүсэх магадлалтай төрлийнх юм. Нөсөөжих дуртай гэх үү дээ. Сарын тэмдэг ирэх дөхөхөөр л нөсөө толбо нь илүү тодордог ч юм шиг. Тэгэхээр, витамин ц серум-тэй сайн найзалж байна.
Нэг хэсэг дух хэсгээр батга цахалж гараад байсан юм. Ходоод юм болов уу, арьс арчилгаа юм болов уу гээд үзүүлэхэд даавар байсан юм байна лээ. Даавраас болоод батга тэгж дух хэсгээр цахалж гардаг юм байна лээ.
Бүсгүйчүүд маань ч бас стресстэй ядарсан үедээ даавраа бас их анхаарч байх хэрэгтэй санагдсан. Ажигч байх хэрэгтэй гэх үү дээ. Зарим эмэгтэйчүүд маань яагаад ч турж чаддаггүй дээ тэгэхээр энэ ч мөн даавартай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг шүү.
Dear, Klairs брэндийн витамин Ц серумээс бол салахаа больсон доо. Маш ихээр биш нимгэн, хэсэгчилж хэрэглэх дуртай. Нөсөө толбо арилгаад амар байдаг юм. Миний арьс нөсөө толбо амархан үүсэх магадлалтай арьс. Нөсөөжих дуртай гэх үү дээ. Сарын тэмдэг ирэх дөхөөд ирэхээр нөсөө толбо нь илүү тодордог ч юмуу.
A: Ажил мэргэжилтэй холбоотой арьсны асуудалтай тулгарч байсан уу, байсан бол хэрхэн шийдэж байв? Жишээ нь: ТВ ийн гэрэлтүүлэг, нүүр будалт....
Х: Нэг удаа Бээжинд бизнес өрөг нэвтрүүлгийн бичлэгтээ орох гээд ирж байсан юм. Тэгсэн, өглөө нь уруул дээр шумуул хазчихсан. Тэр нь маш том болж хавдаад. Хоёр зочин маань хоёр өөр хотоос зорьж ирж байсан тул бичлэгт орохоос өөр ямар ч арга байгаагүй. Тэгээд л уруулаа тод улаанаар будаад орж байлаа шүү дээ. /инээв/
А: Бүсгүйчүүддээ өгөх гоо сайхны бяцхан зөвлөгөө хэлээч?
X: Миний хацар дээр нөсөө үүсээд бага багаар томорсоор байсан юм. Тэгээд, тоохгүй яваад байсан болоод ч тэр үү дараа нь томорсныг нь анзаардаг юм байна лээ. Арьсаа аль болох эрт арчилж эхлэх хэрэгтэй. Бас, арьсаа маш сайн чийгшүүлдэг байх хэрэгтэй. Арьс дээр байгаа нөсөө чинь гэнэт гарч ирээд гэнэт арилахгүй. Нэг жижигхэн цэг үүслээ, хоёр цэг болоод гурав болоод томорно. Тэгэхээр, багасаа эхлээд арьсаа арчлаад анхаараарай.
A: Таны гоолиг биеийн нууц юу вэ?
X: Хөнгөн л иддэг бас ногоо маш их иддэг. Ямар сайндаа манай найз намайг ямаа шиг их ногоо иддэг гэж хэлэх вэ дээ. Хааяа бас стресстэй үедээ хурц амттай зүйл идмээр санагддаг ч энэ үедээ мацаг барьдаг. Тэгэхээр тухайн үеийн дуршил буурчихдаг. Мэдээж, амттай, чимхэрлэг зүйл идэх үе байна. Гэхдээ, идсэнийхээ хэмжээгээр буцаагаад цэвэрлэгээ хийхийг чухалчилдаг.
Шөл, ногоо болон смүүтиг ихээр уудаг. Үүнээс гадна, өдөр болгон тараг уудаг. Таргийг аяганд хийгээд аягаа харахаар өнгөрүүд нь арилдаг даа тэрэн шиг ходоодыг бас цэвэрлэж байгаа юм шиг санагддаг юм. Долоо хоногийн таргаа хөргөгч дотроо хийчхээд нөхөр, охин бид гурав өдөр болгон ууна даа.
Би жилдээ нэг удаа цөсөө угааж хэвшсэн. Цөсөө угааснаар надад ямар ямар өөрчлөлт гарч буйг мэддэг. Өөрийгөө маш сайн цэвэрлэсэн юм шиг санагддаг. Олон олон аргаар туршиж үзээд өөрийн аргаа олсон доо. Шар сүү уух, мамба татсан рашаанаар угаах, олив тосоор цэвэрлэх, солонгос уламжлалт эмнэлгээс бэлдмэл ч хэрэглэж үзэж байсан.
А: Бүсгүйчүүдэд хандаж урмын үг хэлээч?
X: Маш их хүнтэй ярилцаж үзлээ. Долоон жилийн турш, олон зуун хүнтэй ярилцаж үзлээ. Үүнээс харахад өөрт нь асар их нөөц боломж байхад ашигладаггүй хүмүүс байдаг. Мэдээж, хүнд чинь амьдралын хэв маяг, арьс арчилгаа, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн бүгд чухал. Гэхдээ, бүсгүйчүүд маань өөрсдийнхөө нөөц боломжийг харж түүнийгээ илүү гаргаж ирээсэй гэж хүсдэг. Өөрийнхөө зорилго, хийхийг хүссэн зүйлдээ заавал цаг гаргаж байгаарай. Боломж үргэлж байдаг харин тэр үед нь атгаад аваарай. Ажил хийж байлаа ч яаж илүү утга учиртай, өөрт таалагдахаар хийх вэ гэдэгт суралцаарай. Энэ дэлхий дээр та өөрийн гэсэн утга учиртай ирсэн болохоор үүнийгээ заавал илрүүлээрэй.
Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье!