Амьдралын зорилго, аз жаргал бол сэтгэлийн амар амгалан…

Их хотын хаа нэгэнтээ дасал болсон машинуудын чимээ, хүүхдүүдийн гадаа тоглох эрх хонгор дуун, байрны гадаа тааваараа  нарлан суух хөгшчүүлийн таатай амгалан харц, бяцхан шувуудын жиргээ, ногоорсон моддын навчис оройн салхинд сэрчигнэн хийсэх зөөлөн чимээ.. Энэ бол Монголын диваажин мэт богинохон зуны нэгээхэн дүрслэл… 

Амьтай бүхэн сэргэж үндэстэй бүхэн нахиалсан зуны эхэн сард нэлээд хугацаанд завсарлаад байсан булангийн маань ээлжит зочноор ялдамхан, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй оролцож бидний цөөн хормын яриа  эхэллээ. Зочноор маань Route 22 Restaurant Wine & Lounge, Zoma Kitchen & Bar, Greeno Health Food Store Cafe -ийн үүсгэн байгуулагч Ням-Осорын Болормаа уригдан оролцлоо. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бизнес эрхлэгч, гурван ч  салбарыг нээгээд чадварлагаар удирдаад явж байгаа залуу бүсгүйн бизнесийн амжилт, гоо сайхан дотоод ертөнцөөр нь уншигч авхай таныг хөтөлье. 

Намайг Ням-Осорын Болормаа гэдэг. 35 настай. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 2016 оноос эхлэн 5 дахь жилдээ ажиллаж байна. Бага насаа бусдын л адил цэцэрлэг сургуульд хүмүүжиж  өнгөрөөсөн. Харин 11 настайдаа ээжийгээ дагаж Австралийн Канберра хотод 3 жил амьдарсан маань хүүхэд насны минь мартагдашгүй сайхан зүйл юм даа. Ээж маань олон улсын зөвлөх, мэргэжлийн статистикч, хүн ам судлаач мэргэжилтэй. Үүнтэйгээ уялдуулаад ээжийгээ багадаа дагаж олон орноор явж амьдран хэл соёл, ёс заншлаас нь сурах завшаан олдсон би азтай охин. Австрали улсаас ирээд лаборатори 1-р дунд сургуульд суралцаж төгсөөд 2002 онд Англи улсыг зорьж, A-levels хөтөлбөрөө амжилттай дүүргэснээр London School of Economics элсэн орж 2009 онд төгсөж байлаа. Монголдоо ирээд Монгол Банкинд ажиллаж ажлын гараагаа эхлүүлж, улмаар Энержи Ресурс ХХК-д 2015 хүртэл ажилласан.  Гучин нас хүрэхээсээ өмнө өөрийн бизнесээ эхлүүлэх мөрөөдөлдөө хөтлөгдөн хүүгээ гаргасныхаа дараа жирэмсний амралттай байх хугацаандаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт зориглон бизнесээ эхлүүлж байлаа. Анхны салбар маань Шангри-ла худалдааны төвийн Food Park, тэгээд Route 22, харин өнгөрсөн 2019 онд Fig & Olive,  ZOMA болон Greeno эрүүл хүнсний дэлгүүр & кафе гэсэн гурван шинэ салбараа нээсэн. 

Сүүлд уншсан ном?

Сүүлийн үед бизнесийн чиглэлийн номууд л их сонирхож уншиж байна даа. Ерөн бол нэг ном барьж дуустал нь уншихаасаа илүүтэй 3-4 ном зэрэг эхлүүлж ээлжлэн уншдаг зуршилтай. 

Сонсох дуртай podcast?

Business.mn , Sweetlife Entrepreneur, Restaurant Owners Uncorked

Эмэгтэй бизнес эрхлэгч талаас харахад жендертэй холбоотойгоор ялгаварлалт үүсэж байсан уу?

Эмэгтэй хүн гэдэг талаасаа тийм ялгаа, жендерийн хувьд ялгах гэх мэт асуудал нэг их гарч байгаагүй, харин манай салбарын онцлог болохоор зөвшөөрөл, дүрэм, журам гээд л бичиг цаасны асуудлууд маш ихээр шаардагддаг, хэдий дижитал технологийн эрин үед амьдарч байгаа хэдий ч төрийн байгууллагатай холбоотой хүндрэлүүд их гардаг.  

Арьс арчилгаагаа хэдэн наснаасаа эхэлж хийж эхэлсэн бэ?

Ер нь би арьс арчилгаандаа харьцангуй сайн анхаардаг. Бүр 12 настайгаасаа л Johnson Johnson-ы цагаан тос түрхээд л, тэр үед гардаг байсан Афродита сэтгүүлийн гоо сайхны буланг уншиж зөвлөгөөг нь дагадаг байсан шүү. Мөсөөр нүүрээ арчих, өндгөөр маск хийх гээд л тухайн үедээ л хөөрхөн арчлаад л байдаг байсан. Ээж маань академик хүн болохоор надад хувийн зөвлөгөө өгнө гэсэн юм бол байгаагүй. Одоо 30 гараад арьсны асуудлууд гарч эхлээд байгаа болохоор нэлээд шаргуу анхаарч байна. Янз бүрийн бүтээгдэхүүнүүд турших дуртай. Хамгийн ихээр ач холбогдол өгч анхаардаг арьс арчилгаан шат бол цэвэрлэгээ, би орой бүр давхар цэвэрлэгээ хийдэг. Ер нь гоо сайхан, бие арчилгаандаа аль болох натурал органик бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээж байгаа. AROMATICA брэнд бол миний энэ философид яг тохирдог брэнд. Orange Cleansing Sherbet балмаар эхэлж будгаа задлаад дараа нь Fresh брэндийн гэлэн цэвэрлэгчээр угаадаг.  Миний орой болгон хийдэг routine бол энэ. Энэ балм миний хамгийн хайртай бүтээгдэхүүн. Арвин том ч  хэмжээтэй, бага хэрэглэгдэнэ. Арьсаа доороос нь дээш нь чиглэлтэйгээр иллэг хийж өгдөг. Сэрум бас их хэрэглэдэг. Олон жил үнэнчээр хэрэглэж байгаа сэрум маань  Advanced Night Repair Serum, ESTEE LAUDER. 7хоногтоо заавал нэг удаа гоо сайханд орохыг эрмэлздэг. Завгүй, цаггүй байдаг болохоор ажил, гэр, гоо сайхан үсчингээ бүгдийг гүйгээд орчихоор ойрхон сонгосон. Би салфеткан маскнаас илүү түрхдэг тосон төрлийн масканд дуртай. WHEN брэндийн  Creamy Mud Pore Clarifying & Minimizing Face Mask бол миний хамгийн дуртай шавар маск, огт хуурайшуулж таталдуулдаггүй. Мөн Fresh брэндийн Honey Mask-д дуртай. 

Таны хувьд гоо сайхны хэмжүүр гэж юу вэ?

Ер нь амьдралын маань гол зорилго бол амар амгалан амьдрах, дотроосоо өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийнхөө сайн муутай эвлэрэн амьдрах юм. Тэгэхээр миний хувьд гоо сайхны хэмжүүр бол аз жаргалтай, тайван амьдрахад л би гэрэлтэж, миний гоо сайхан тодорно гэж бодож явдаг. Өөрөө өөртөө хайртай, өөрөө өөртөө гоё харагддаг, сэтгэл хангалуун явдаг эмэгтэй хамгийн гоо үзэсгэлэнтэй. Би спортоор их хичээллэдэг. Хүүхэд байхад гар бөмбөг, газрын теннис, сагсан бөмбөг гээд бүгдийг тоглодог байсан. Харин одоо бол багийн спорт бус, пилатес иогагаар их хичээллэж байгаа. Иога нь эмэгтэй хүний үзэсгэлэнг улам тодотгож өгдөг, бүсгүй хүний бүх булчирхайг идэвхжүүлж иллэг хийн, аз жаргалын гормоныг ялгаруулж эмэгтэйлэг шинжүүдийг илүү ихээр тодруулдаг. 

21 настай Болормаад 35 настай Болормаа ямар зөвлөгөө өгөх вэ? 

Яг одоо тулгамдаад байгаа арьсны асуудал миний хувьд нөсөө толбо, тиймээс нарны тосоо сайн түрхээрэй гэж 21 настай өөртөө зөвлөмөөр байна. 

Үлгэр жишээ авдаг эмэгтэй?

Ээж эмээгээсээ үлгэр жишээ авдаг шүү. Эмээ маань насаараа эмэгтэйчүүдийн эмч хийсэн Ичинхорлоо гэж хүн байсан. Бараг л 80 хүртлээ ажлаа хийж явсан тэмцэгч эмэгтэй байсан.  

Сонсдог хөгжмийн төрөл?

Жааз, блюз. 

Өдөр тутам биенээсээ салгадаггүй гоо сайхны зүйлс?

Уруулын будаг, хацар өнгөлөгч. Их зөөлөн өнгийн будганд дуртай. 

Хувцаслах хэв маяг?

Жинс, футболка, кеды, пүүз. Casual chic. 

Амралт зугаалгаар явах дуртай юу? 

Ер нь л их завгүй байдаг, хоолны салбар өдөр тутмын ажил ихтэй учир бараг явдаггүй. Энэ жилээс харин өөртөө цаг зав гаргаж, ажил үүргүүдээ зөв хуваарилаад аялалд цаг гаргадаг болох гэж байгаа.

Бүсгүй хүн л болсон хойно гоёл чимэглэлийн зүйлсд татагдана биз?

Би нэг их гоёл чимэглэлийн зүйлд дуртай бишээ. Цаг зүүнэ. Жижигхэн хатгадаг ээмэгт дуртай. Өөр зүйлд нэг их анхаарахгүйдээ. Бөгж гэх мэтийн гоёлын зүйл бараг л байхгүй шүү. Харин ээмэгний хувьд хэлэхэд бүсгүй хүний чих хоосон явж болдоггүй юм гэсэн. Ядаж л цайны шаар зүүж нүхийг нь битүү байлгадаг ёстой юм гэнэлээ.

Та бие арчилгаандаа хэр их анхаарал хандуулдаг вэ?

Үс ба биеийн арчилгаандаа ер нь анхаарах дуртай. Эмэгтэй хүнийг биеийн сайхан арьс, сайхан үс хоёр их чимдэг гэж боддог. Галбингаа брэндийн шампунь сүүлийн үед хэрэглэж байна, Aromatica брэндийн B5- тай шампуниар ээлжлээд угаадаг. Харин бие арчилгааны хувьд  Village Factory 11 брэндийн Body Oil Wash-т дуртай. Тостой болохоор цаг зав хэмнээд, үнэр нь ч гоё. Бараг 4 савыг дуусгаж байна шүү. Lavera брэндийн биеийн тосонд бас сүүлийн үед дуртай болоод байгаа. Элдэв үнэргүй их аятайхан.

Телевизийн ямар шоунд дуртай вэ? 

Би ер нь зурагт нэг их үздэггүй. Game of thrones -ийг л бүгдийг үзсэн. 

Хамгийн сүүлд худалдаж авсан зүйлс?

Beauty Secrets -ээс Klairs –Supple Preperation Facial Toner, Village Factory 11-Body Oil Wash.  

Гоо сайхны хувьд би гараа яг нүүртэйгээ адилаар арчлахыг хичээдэг, тонероор нүүрээ цэвэрлээд гартаа бас түрхчихдэг, мөн сэрумээ нүүрэндээ түрхсэнийхээ дараа гартаа бас түрхдэг. Бүсгүй хүний гар гоё байвал бүр ч үзэсгэлэнтэй гоё гэж боддог. Гоё гарын тосонд дуртай. Янз бүрээр нь солиод л хэрэглэдэг юм байна. Нөсөө толбондоо dear Klairs – Freshly Juiced Vitamin Drop хэрэглэж дуусаад одоо хувийг нь арай ихэсгээд By Wishtrend-Pure Vitamin C 21.5% Advanced Serum хэрэглэж байгаа. Хөргөгчдөө хадгалдаг шүү. Шүдэндээ маш их анхаардаг. Ер нь 6 сардаа 1 удаа шүдний эмчдээ үзүүлдэг. Шүд муу бол дотор эрхтэндээ нөлөөлнө, инээхэд ч сайхан шүдтэй бол гоё гэж боддог.

Амьдралын хүнд хэцүү үеүд тохиолддог л байх, тэр үеээ хэрхэн давдаг вэ? 

Бизнес эрхлээд олон хүмүүстэй ажиллахад хүнд үе гаралгүй л яахав. Тэр үедээ шууд гэртээ хариад хүүтэйгээ цагийг өнгөрөөдөг. Бас унтаад, маргааш өглөө нь бүх зүйлийг гээгээд босож ирдэг. 

Өөрийн тань хэтийн зорилго?

Би нээрээ удахгүй дахин сурахаар төлөвлөж байгаа. Сурахаар төлөвлөж буй сургууль маань Institute for Integrative Nutirition. Сургуульд сурахтай холбоотойгоор хэлэхэд хүн ер нь байнга өөрийгөө цэнэглэж, оюун ухаанаа тэтгэж байх ёстой. Бизнес хийснээр би өөрийгөө маш их хөгжүүлсэн, өөрийгөө олсон гэж боддог. Би хэн юм бэ, хувь хүн талаасаа ямар хүн юм бэ гэдгээ маш сайн олж чадсан. Ер нь л миний амьдрал их минимал болоод байгаа, шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулахаа больсон. Өөөрөө өөрийгөө олоод, өөрт таатай зүйлээ мэддэг болчихсон.

Ярилцлагыг Б.Оюунцэцэг

Гэрэл зургийг Ц.Балжинням