Будаг арилгагч тосон цэвэрлэгчийг хэрхэн зөв ашиглах вэ?

Бюти Секретсийн үүсгэн байгуулагч маань өөрийн туршлагаасаа тосон цэвэрлэгч хэрхэн зөв хэрэглэх талаар хуваалцлаа.

Нүүрний будагтайгаа нэгэн урт өдрийг өнгөрөөсний дараа би тосон цэвэрлэгчээр будгаа арилгадаг. Тосон цэвэрлэгчийг анх хэрэглэж эхэлснээс хойш үүнээс өөр цэвэрлэгч дахиж хэрэглээгүй ээ. Арьс ч цэвэрлэсний дараа цэвэрхэн, зөөлөн болдог. 

Би байнга ордог гоо сайханчтайгаа будаг арилгагч тосыг хэрхэн зөв ашиглах талаар ярилцаж байгаад нэлээн хэдэн хэрэгтэй зөвлөмжүүдийг авсан. Энэ зөвлөгөөнүүд дээр өөрийнхөө сурч мэдсэн зүйлсийг нэмэрлээд нүүрээ цэвэрлэдэг болсноос хойш миний арьс илүү цэвэрхэн мэдрэгдэх болж, тосныхоо ч үр дүнг бүрэн гаргадаг болсон.

  • Үргэлж хуурай арьсан дээр хуурай гараараа түрхэх. Тос арьсны нүх сүвэнд орсон бохирдлыг суллаж өөртөө уусгаж, ус хүргэхэд хоорондоо холилдон урсан алга болдог. Иймээс нойтон арьсан дээр, нойтон гараараа тос түрхвэл хоорондоо эсрэг үйлчлэлцэн будгийг сайн арилгаж чадахгүй.

 

  • Хангалттай их тос хэрэглэх. Тосоо хэмнэх гээд жаахныг хэрэглэх юм бол тэр чинь таны нүүрийг бүхэлд нь бүрхэж хүрэлцэхгүй, будаг арилгахад хэтэрхий нимгэдэж, сайн үйлчлэхгүй. Би хувьдаа дор хаяж 2 удаа дарж хэрэглэдэг. Хэрвээ балм цэвэрлэгч бол зориулалтын жижигхэн халбагаар 2 удаа халбагадан авна

 

  • Түрхэхийн өмнө гарын алган дээрээ бүлээсгэх. Зарим будаг арилгагч тоснууд өтгөн бүтэцтэй байдаг. Гарын алган дээрээ үрж, бүлээсгэвэл илүү шингэрч арьсан дээр жигд түрхэхэд амар байдаг. 

 

  • Тосоороо иллэг  xийх. Үрээд, усаар зайлаад арилгадаг цэвэрлэгч хөөснүүдийг бодвол тоснууд арай их ажиллагаа шаарддаг. Нүүрэн дээрээ жигд тараасны дараа хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийнэ. Арьсан дээр бүлээсэх тусам тослог мэдрэмж нь арилж, илүү шингэн усан бүтэцтэй болохыг мэдрээрэй. Түүнчлэн иллэг хийx тусам хуруунд чинь жижиг элсний ширхэг шиг товгор юм мэдрэгдвэл битгий гайхаарай. Cайн иллэг хийснээр хатуурсан хар батга хайлан гарч ирж, арьсны бөглөрсөн нүх цэвэрлэгдэнэ.

 

  • Бага багаар ус хүргэх. Тосыг арилгахдаа эхлээд гараа норгож байгаад иллэг хийхэд тос сүүн цагаан өнгөтэй болж хувирна. Ингэвэл огт тослог мэдрэмж төрөхгүй. Гараа дахиж их усаар норгоод иллэг хийгээрэй. Энэ алхмыг тос бүрэн арилтал давтана. Ингэвэл арьсан дээр ямар ч тос үлдэхгүй. Энийг танд худалдааны зөвлөхүүд хэлж өгдөггүй болохоор буруу угааснаас болж таны нүүр цэвэрхэн биш, тослог санагдаж байгаа байх.
  • Бүлээн усаар угааx. Бүлээн ус тосыг илүү сайн арилгаж, цэвэрхэн мэдрэмж төрүүлдэг юм шиг надад санагддаг. Хүсвэл та дараагаар нь хүйтэн ус ашиглаж болно. 

Энэ бол миний байнга дагадаг зөвлөмжүүд. Эдгээрийг дагахад надад бараг ямар ч тосон цэвэрлэгч хэрэглэхэд таардаг юм шиг санагддаг.