Розацеа буюу арьсны улайлтыг хэрхэн дарах вэ?

Нүүр улаа дүүгэж, цусны судаснууд илэрхий харагдах арьсны түгээмэл үзэгдлийг Розацеа гэдэг байна. Хааяа жижиг жижиг, улаан, идээтэй гүвдрүүнүүд хамт гардаг. Эдгээр шинж тэмдгүүд нь хэдэн хоног, сараар илэрч байгаад түр алга болоод эргэж гарах давтамжтай байдаг бөгөөд хүмүүс ихэвчлэн батга, экзем, харшилтай андуурдаг.

Розацеа нь хэнд ч тохиолдож болох боловч дунд эргэм насны цайвар арьстай эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог. 

Розацеаг бүрэн эдгээх эмчилгээ байдаггүй боловч шинж тэмдэг, харагдах байдлыг нь багасгах эмчилгээнүүд бий.

Дараах шинж тэмдгүүд хамгийн түгээмэл илэрнэ:

  • Арьсны улаан огт арилахгүй байх: Хацрын улаан эсвэл наранд түлэгдсэн мэт минчийж улайсан нь огт арилахгүй байх. Арьсны гадаргад ойр олон зуун жижиг цусны судаснууд тэлэхээр ингэж харагддаг.
  • Арьс хөөж, зузаарах: Ихэвчлэн эрчүүдэд тохиолдох бөгөөд хамар нь хавагнасан мэт зузаан, улаан харагдана.
  • Улаа дүүгэх: Нүүр цаашлаад хүзүү, цээж хүртэл улайх ба халуу дүүгэх мэдрэмж давхар төрнө.
  • Гүвдрүү, батга гарах: Жижиг, улаан, батга төст гүвдрүүнүүд үүсч болно. Хааяа идээтэй байна.
  • Цусны судаснууд ил харагдах: Ихэвчлэн хацар, хамар, нүүрний төвөөр ил харагдах аалзны тор шиг улаан судаснууд.
  • Нүд үрэвсэх: Нүд улайж, хавдах, үрэвсэх. Розацеатай хүмүүсийн 50%-д нь илэрдэг.

Бусад дагалдах шинж тэмдгүүд нь:

  • Халуу дүүгэж, хорсох, час хийх мэдрэмж
  • Цусны судаснуудаас уураг алдагдах, их шингэн хуралдсанаас болж нүүр хавагнах
  • Хуурай эсвэл ширүүн барзгар нүүрний арьс

Розацеа үүсэх шалтгаан

Мэргэжилтнүүд розацеаг чухам яагаад үүсдэгийг хараахан тогтоогоогүй авч дараах хүчин зүйлсээс улбаатай гэж таамагладаг:

  • Демодекс хачиг: Арьсан дээр амьдардаг гэм хоргүй хачиг боловч Розацеатай хүмүүст ийм хачиг илүү их байдаг. Гэхдээ уг хачиг нь розацеа үүсгээд байна уу, эсвэл розацеа нь хачгийг ихэсгээд байгаа эсэх нь тодорхойгүй байдаг.
  • Хеликобактери пилори: Ходоодонд амьдардаг уг бактери нь цусны судсыг тэлүүлдэг bradykinin гэх полипептидийн нийлэгжилтийг идэвхжүүлдэг учраас розацеа нь энэ бактеритай холбоотой байж магадгүй гэж таамагладаг.
  • Удамшил: Розацеатай хүмүүсийн ойр дотнын гэр бүлд энэ арьсны онцлог байх нь олонтаа учраас удамшилтай холбоотой байж магадгүй.

Розацеаг сэдрээхэд нөлөөлдөг хүчин зүйлс (хоол хүнс):

  • Халуун хоол, уух юм
  • Кафеин буюу кофе, цай, энергийн ундаа, коланд агуулагддаг бодис
  • Малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн халуун ногооны амтлагч, соус, хоол
  • Вино, ликёр гэх мэт согтууруулах төрлийн уух зүйлс
  • Cinnamaldehyde агуулсан хоол хүнс: улаан лооль, шоколад, цитрус жимснүүд

Эдгээр хоол хүнсийг хязгаарлавал розацеагийн улайлтыг намдааж, сэдрэхээс сэргийлж болох юм.

Розацеаг сэдрээхэд нөлөөлдөг хүчин зүйлс (цусны урсгалыг нэмэгдүүлэгч, судсыг тэлүүлэгч):

  • Эрс тэс уур амьсгал
  • Нарны туяа, бүгчим чийгтэй агаар, салхи
  • Стрессдэх, сэтгэл түгших, уурлах, ичих мэдрэмж
  • Эрчимтэй дасгал хийх
  • Халуун ванн, саун
  • Зарим эм болон архаг, хурц өвчнүүд

Розацеагийн харагдацыг хэрхэн гэртээ багасгах вэ?

Розацеаг сэдрээгч хүчин зүйлсээс зайлсхийх, өөрийгөө хамгаалбал шинж тэмдгүүдийг нь бууруулж чадна. Арьс арчилгаагаа тогтмол бөгөөд зөв хийж сурах.

Арьсны эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэхийн сацуу дараах амьдралын хэв маягийн өөрчлөлтүүдийг оруулбал нэмэртэй: 

  • Нүүрээ үрж, зүлгэхгүй (физикал гуужуулагч ашиглахгүй), нүүрэндээ хүрэхгүй.
  • Нүүрээ хамгийн зөөлөн цэвэрлэгчээр угааж, харшил өгөх, цочроох хүчтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  • Арьсны нүхийг бөглөх өтгөн бүтэцтэй бүтээгдэхүүнийг зузаан түрхэхгүй байх (арьс арчилгаа, нүүрний будаг аль аль нь). Өглөө, орой нүүрээ тогтмол цэвэрлэх.
  • Элдэв хурц үнэргүй, харшил өгөхгүй, гүн чийгшүүлэх, тайвшруулах чийгшүүлэгч тос түрхэж арьсаа хуурайшуулахгүй байх. Хэрвээ улайлтыг намдаах эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол хатаж шингэснийх нь дараа чийгшүүлэгч тосоо түрхэх.
  • Гадаа гарахдаа SPF, PA гэсэн тэмдэглэгээтэй нарны тос түрхэх.
  • Хүйтний улиралд нүүрээ ороолт, малгайгаар битүүлж хамгаалах.
  • Хэт эрчимтэй дасгал хийх, орчны температураа огцом солихгүй байх.
  • Розацеаг сэдрээх хоол хүнс хэрэглэхгүй байх.
  • Эрэгтэйчүүд сахлаа хусахдаа ердийн сахлын хутга биш цахилгаан сахлын хутгаар хусвал арьсыг цочроож, сэдрээхгүй.
  • Фаундэйшнээ түрхэхийн өмнө ногоон эсвэл шар өнгө засагч (color-correcting) түрхэх.

Стрессээ зохицуулж сурах

Стресс нь розацеаг сэдрээхэд ихээхэн нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм. Иймээс стрессээ зөв тайлж сурах нь розацеаг огцом гарч ирэхээс сэргийлнэ.

Дараах аргуудыг туршаад үзээрэй:

  • Долоо хоног бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх.
  • Сайн, чанартай, гүйцэд нойроо авах.
  • Дуртай гэхдээ шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх.
  • Бясалгал, йогоор хичээллэх.

Розацеа нь өөрөө олон хүмүүсийн стрессдэх шалтгаан болдог учраас хүмүүс үүнээсээ болж ичих, бухимдах, санаа зовох, өөртөө итгэлгүй болж энэ нь эргээд стрессийг бий болгож розацеаг сэдрээхэд нөлөөлдөг. 

Тиймээс розацеагийн талаар сайн мэдлэгтэй болж, ямар хүнс хэрэглэхээр сэдэрдэг, ямар дасгал хэр их хийхээр сэдэрдэг, ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй, хэрхэн арьсаа зөв арчлахад суралцаж, сэтгэл хөдлөлөө хянаж, зөв зохицуулж чаддаг болох нь розацеагийн үзэгдэх байдлыг багасгахад нэмэртэй гэдгийг санаарай.

Оношилгоо

Розацеаг арьсны эмчид үзүүлж оношлуулах ба ямарваа оношлох шинжилгээ байдаггүй. Арьсны эмч таны нүүрэн дээрх ил харагдах улаан цусны судас, шинж тэмдэг, юунаас болж гардаг гээд үндэслэн оношилно.

Хуйх, чихэн дээр улаан, өвдөлттэй, загатнасан тууралт гардаг бол розацеагаас гадна өөр өвчний шинж тэмдгийг илэрхийлнэ. Розацеа нь их төлөв зөвхөн нүүрэн дээр л үүсдэг.

Дүгнэлт

Нүүр улаа дүүгэх, арьс хавагнаж томрох, нүд улайж хавагнах зэрэг шинж тэмдгээр илэрдэг розацеа нь арьсны архаг үрэвсэл бөгөөд хэдийгээр бүрэн эдгээх эмчилгээ байхгүй боловч эмчилгээгээр харагдах байдлыг нь багасгаж болно. Ингэхийн тулд арьсны эмчид хандах шаардлагатай.

83% лийрийн хандтай. Арьсны улайлт, үрэвслийг эрчимтэй дарж, тайвшруулж, чийгшүүлэх серум.

75% лийрийн хандтай пад нь арьсны үрэвсэл, улайлтыг маш сайн дарж, тайвшруулна.

Сэнтелла азиатика, гуайазулентэй учир улайж халсан, үрэвссэн, цочирсон арьсыг маш хурдан тайвшруулж эмчилнэ.

Эмзэгшиж, улайсан арьсыг тайвшруулж чийгшүүлэх тос.


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд