Үсийг бат бөх, хурдан, урт ургуулах 4 энгийн алхам

Хатуу хөл хорио тогтоосноос хойш та үсэндээ анхаарал хандуулж, ажлын өдрүүдэд халуун индүү хүргэлгүйгээр арчилж эхэлсэн байх. Гэсэн хэдий ч үс тань нэг л удаан, бүүр ургахгүй ч байгаа юм шиг санагдаж байна уу? Гэртээ байхдаа үсээ хайхралгүй орхидог бодохлоор таны үс ургахгүй байгаа байж мэдэх юм. Тиймээс бид танд үсийг хурдан ургуулахад туслах 4 хялбар алхмыг хэлж өгье.

Дараах үс ургуулах зөвлөгөөг бид мэргэжлийн үсний стилист, үсчдээс асуун  боловсруулсан юм. Эдгээрээс зөвхөн ганцыг нь, хүсвэл бүгдийг нь, хэрэгжүүлээд үсээ нэг мэдэхэд л хэдэн сантиметр ургачихсан байхыг анзаараарай.

Хуйхныхаа асуудалд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх

Эрүүл үс угаасаа эхлэлтэй учир хуйхыг анхааралдаа авахгүй байж болохгүй. Үсээ ургуулах нь таны эн тэргүүний зорилго бол мэргэжлийн трихологичтой (үс уналт ба хэвийн бус байдал, өвчнийг оношилдог үс ба хуйхны судлаач эмч) уулзаж зөвлөгөө авсан нь дээр. Трихологич эмч зөвхөн таны хуйхны асуудалд тохирсон бүтээгдэхүүн, ууж хэрэглэх эм, витамин, үс ургахад саад болж буй бөглөрлийг арилгаж, хуйхны цусны эргэлтийг сайжруулах массаж, техник хосолсон эмчилгээний төлөвлөгөө гаргаж өгдөг. Гэртээ өөрөө хамгийн энгийнээр хуйхандаа анхаарч болох арга бол долоо хоногт 2 удаа хуйх гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэх юм.

Уг гуужуулагч ба цэвэрлэгч нь далайн давсны найрлагатай ба үс ба хуйхны хуралдсан бохирдлыг цэвэрлэнэ.

Улирал тутам үсчин орох

Бүсэлхий давсан гүнжийнх мэт урт үсээ эрүүл гоё харагдуулахын тулд улирал тутам үсчин орж, чадварлаг үсчнээр үснийхээ салааг түүлгэж байх нь маш чухал. Үсийг богиносголтгүйгээр зөвхөн салааг нь л түүж, уртыг нь хадгалах чадвартай үсчинг олж сонгоорой. Ийм чадвартай үсчид үсийг жаахан тайраад болчихгүй, уртыг нь хэвээр хадгалж, сарвайсан, гэмтэлтэй үзүүрийг тайрч, үсийг эрүүл, сөрвийгөөгүй, жигд урттай харагдуулж чадна. Магадгүй та ийм мундаг үсчин хараахан олоогүй байгаа бол үсчин/стилист Баяржаргал дээр очоод нэг үзээрэй.

Гүн ангижруулагч хэрэглэх

Үсээ удаан ургаж байгаад дурамжхан байдаг хүмүүс үнэн хэрэгтээ үсэндээ хэрэгтэй хайр халамжийг нь өгч чаддаггүй. Үсний маск, гүн ангижруулагч, зөөлөн арчилгааны аль алийг нь гээгдүүлж болохгүй. Үсний үзүүр салаалахаас сэргийлж долоо хоног бүр үсний маск түрхэж үсээ бэхжүүлээрэй. Түүнчлэн үсийг хуурайшуулахгүйн тулд чийгшүүлэгч шампунь, ангижруулагч хэрэглээрэй. Нэн ялангуяа та халуун индүүгээр үсээ байнга ороодог, индүүддэг, сордуулж, будуулдаг бол таны үс маш ихээр гэмтэх учраас маск, шампунь, ангижруулагчаа зөв сонгож, тогтмол хэрэглэх хэрэгтэй. 

Цэвэр ургамалаас шууд гаргаж авсан тоснуудын агууламж нь үсийг тэжээлээр хангана.

Эрүүл зөв хооллох

Та үснийхээ төрөлхийн ургах хурдыг өөрчилж чадахгүй ч гэлээ хурдан ургах боломжийг нь эрүүл, шим тэжээлтэй хоол идсэнээр нэмэгдүүлж болно. “Таны бие болон үс зарим хэрэгтэй витамин, эрдэс бодис, уургийг авч чадахгүй бол ургалт нь удааширна. Үсийг урт ургуулахын тулд уураг болон төмрийг их хэмжээгээр авах ёстой. Улаан мах, өндөг, загасны тосонд хүхрээр баялаг амин хүчлүүд агуулагддаг учир эдгээрийг бидний бие шинэ үсний эсийг бий болгоход хэрэглэдэг юм. Үс ургуулах бүтээгдэхүүнүүд үнэтэй дээрээ үр дүнтэй эсэх нь мэдэгддэггүй учир сайн шим тэжээлтэй хоол идэж, бүх талаараа эрүүл, гялалзсан, урт үстэй болцгооё.