Мөөгөнцрийн батга гэж юу вэ? Танд байгаа юу?

Үсний уутанцар буюу арьсны нүхэнд үүссэн үрэвсэл бөгөөд ихэвчлэн нэгэн жигд хэлбэр, хэмжээтэй, улаан, олон жижиг батга шиг харагдахаас гадна загатнадаг. Мөөгөнцрийн батга нь цагаан батга үүсгэж, үрэвсэл үүсгэдэг учраас батгатай их андуурагддаг. 

Гэхдээ мөөгөнцрийн батга болон таны мэдэх ердийн батга хоёр нь хоёр өөр зүйлээс болж үүссэн ялгаатай зүйлс учраас өөр өөр эмчилгээ шаардагддаг. Тиймээс хэрвээ та мөөгөнцрийн батга байж батганы эсрэг эмчилгээ хийлгэх юм бол илүү хүндрүүлж магадгүй.

Тийм учраас мөөгөнцрийн батгыг ердийн бактерийн батганаас ялгаж сурах нь чухал.

 

Мөөгөнцрийн батга юунаас болж үүсдэг вэ?

Бактерийн батга нь арьсны нүхэнд хуримтлагдсан арьсын себум (тос) болон бактерийн үржлээс болж үүсдэг бол, мөөгөнцрийн батга нь яг ч энэ хоёроос болж гардаггүй боловч үүсэхэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Мөөгөнцрийн батга нь нэг төрлийн мөөгөнцөр арьсан дээр хэт их үржсэнээс болж гардаг. Үүний шинжлэх ухааны нэршил нь Pityrosporum folliculitis болон Malassezia folliculitis юм.

Мөөгөнцрийн батга үүсгэгч мөөгөнцөр нь хүний арьсанд угаасаа оршиж байдаг зүйл бөгөөд бидний бие өөрөө мөөгөнцөр, бактерийн харьцааг тэнцвэржүүлж чаддаг. Гэвч энэ харьцаа алдагдаж мөөгөнцөр илүү үржиж эхлэхэд батга шиг зүйлс гарч эхэлдэг. 

Энэ тэнцвэрийг алдагдуулахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий:

  • Чийг түгжигдэх. Дасгалын хувцсаа угаахгүй удаан өмсөх нь мөөгөнцөр үржих орчныг бүрдүүлж өгдөг. Угаагаагүй дасгалын хувцсаа дахиад өмсөх нь бас хувцсан дотор үржсэн мөөгөнцрийг арьсруу шилжүлдэг.
  • Антибиотик уух. Антибиотик ууснаар арьсан дээрх бактериуд устаж мөөгөнцөр үржих боломжийг олгодог.
  • Дархлаа муудах. Дархлаа суларсан хүмүүст мөөгөнцрийн батга гарах магадлалтай байдаг.
  • Хооллолт. Мөөгөнцөр нь нүүрс усаар хооллодог учир аль болох чихэрлэг, нүүрс ус ихтэй хүнснээс татгалзвал мөөгөнцрийн үржлийг удаашруулж магадгүй.
  • Бариу хувцас өмсөх. Биеийг амьсгалуулдаггүй бариу хувцас өмсөх нь хөлс, чийг дааж мөөгөнцөр үржих нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
  • Халуун, чийгтэй орчин. Халуун бүгчим цаг ууртай газар амьдардаг хүмүүс илүү их хөлөрч, тэр хэрээрээ мөөгөнцрийн батгатай болох магадлалтай байдаг.

 

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Мөөгөнцрийн батгыг бактерийн батганаас хэрхэн ялгах вэ?

Хэмжээ. Мөөнгөцрөөс болж үүссэн батга нь идээтэй, жижиг гүвдрүү шиг харагддаг бөгөөд бүгд яг жигд хэмжээтэй байдаг. Мөн эргэн тойрондоо улаалттай байдаг. Бактерийн батга нь янз бүрийн хэмжээтэй, идээтэй, идээгүй байдаг.

Байрлал. Мөөгөнцрийн батга нь ихэвчлэн гар, цээж, нуруун дээр илэрдэг. Хааяа л нүүрэн дээр илэрдэг.

Загатнаа. Мөөгөнцрийн батга ихэвчлэн загатнадаг. Харин бактерийн батга барагтаа л бол загатнадаггүй.

Бөөгнөрөл. Мөөгөнцрийн батга нь шигүү, олон жижиг цагаан батга шиг харагддаг. Бактерийн батга нь шавааралдаагүй, энд тэнд гардаг.

Мөөгөнцрийн батга нь мөөгөнцөртсөнөөс болдог учраас бусад мөөгөнцөртэй холбоотой псориаз (арьсны хайрст үлд), үс хагтах зэрэг шинж тэмдгүүдтэй хамт илэрч магадгүй.

Мөөгөнцрийн батгыг хэрхэн оношилдог вэ?

Хэрвээ та өөрийгөө мөөгөнцрийн батгатай болсон байж магадгүй гэж бодож байгаа бол Арьсны өвчин судлалын төв, Арьс харшлын эмнэлэгт хандан арьсны эмчтэй цаг аван уулзаарай. 

Мөөгөнцрийн батга мөн эсэхийг оношлохын тулд арьсны эмч танаас ямар шинж тэмдгүүд илэрч байгааг асууна. Жишээлбэл:

  • Батга нь хэр удаан гарч байгаа;
  • Эмлэх гэж юу юу хэрэглэж үзсэн;
  • Ямар шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг асууна.

Заримдаа дараах хоёр аргаар ч оношилж магадгүй:

  • Арьсыг өвтгөхгүйгээр багахан хэсгийг нь хусан авч микроскопоор харан мөөгөнцөр үржсэн эсэхийг шалгана.
  • Арьснаас дээж авах буюу Biopsy явуулан дээжийг лабораторид шинжилж үзнэ.

 

Мөөгөнцрийн батгыг хэрхэн эмчлэх вэ?

Мөөгөнцрийн батгыг бактерийн батгатай андууран батганы эмчилгээ хийх нь ямар ч үр дүнгүй. 

Мөөгөнцрийн халдварыг зогсоохын тулд арьсны бактери, мөөгөнцрийн харьцааг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд:

Ойр ойрхон усанд, шүршүүрт орох

Хэрвээ та байнга дасгал хийдэг, хөлөргөдөг ажил хийдэг бол дараа нь заавал шүршүүрт ороод хувцсаа сольдог болоорой. Ингэснээр арьсан дээр үржсэн мөөгөнцрийг урсгаж цэвэрлэхээс гадна хөлстэй хувцсан дотор үржихээс бас сэргийлнэ.

Сул чөлөөтэй хувцас өмсөх

Хэрвээ та байнга бариу, арьсыг нухаж үрдэг, агаар нэвтрүүлдэггүй хувцас өмсдөг бол энэ нь мөөгөнцрийн батгатай болох шалтгаан байсан байж болох юм.

Тиймээс сул чөлөөтэй, амьсгалуулдаг материалтай хувцас өмсөөрэй.

Хагны эсрэг шампуниар биеэ угаах

Найрлагадаа pyrithione zinc, selenium sulfide гэж бичсэн хагны эсрэг шампуниар биеэ угаагаад үзээрэй. Долоо хоногт хэд хэдэн удаа мөөгөнцрийн батгатай хэсгээ хагны эсрэг шампуниар угаагаад үзээрэй. Арьсандаа шампуниа хэдэн минут түрхээд усаар зайлбал илүү үр дүнтэй.

Мөөгөнцрийн эсрэг тос түрхэх

Эмийн сангуудад жороор олгодоггүй мөөгөнцрийн эсрэг тос, түрхлэгүүд зөндөө байдаг. Найрлагыг нь харж байгаад ketoconazole, butenafine эсвэл clotrimazole агуулсныг нь сонгоорой.

Мөөгөнцрийн эсрэг эм уух

Хэрвээ гэрээр эмчлээд үр дүнгүй байвал арьсны эмчид очиж үзүүлэн мөөгөнцрийн эсрэг эм бичүүлж аваарай.

Мөөгөнцрийн батга гарахаас хэрхэн сэргийлэх вэ?

Дараах аргууд нь мөөгөнцрийн батгыг үүсэхээс сэргийлэхэд нэмэртэй:

  • Хагны эсрэг шампунь тогтмол хэрэглэх. Мөөгөнцрийн батга эдгэсний дараа хагны шампуниараа долоо хоногт 1 удаа биеэ угааахд хангалттай.
  • Амьсгалуулдаг хувцас өмсөх. Агаарын урсгалыг хаадаггүй, сул чөлөөтэй хувцас өмссөнөөр чийг, хөлс хуримтлагдахаас сэргийлнэ.
  • Хөлрөх тоолондоо шүршүүрт орох. 
  • Эрүүл хооллох. Нүүрс усаа багасгаж, хүнсний эслэг их ногоон навчит ногоо, уургаар баялаг мах, эрүүл өөх тос буюу самар, үр, авокадо, оливын тос зэргийг хэрэглэж байгаарай. Сахар, гурил ихтэй хүнсээ багасгаарай.

 

Эмчид үзүүлэх болсноо яаж мэдэх вэ?

Хэрвээ та мөөгөнцрийн батгыг гэрээрээ эмчлэх гээд чадахгүй 3-аас дээш долоо хоносон бол арьсны эмчээс зөвлөгөө авах цаг аваарай.

Энэ тохиолдолд жороор олгодог мөөгөнцрийн эсрэг эмнүүд илүү үр дүнтэй байж магадгүй.

100% Солонгос царван буюу Mugwort-ын найрлагатай эссенц. Бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.

Бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Үрэвслийг намдааж, тайвшруулж, чийгшүүлэх маск.

75% бадамлянхуан устай, арьсыг гүн чийгшүүлдэг хэр нь ээ маш сайн шингэн ордог.

Найрлагын 40% нь бадамлянхуа цэцгийн уснаас бүрдсэн. Арьсыг чийгшүүлж, тайвшруулах тонер.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Holland, Kimberly. “All About Fungal Acne: How to Identify and Treat.” Healthline. September 3, 2020. Link.


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд