Clean Beauty-д хүрэх цогц гарын авлага

Энэ бол арьс арчилгаа, нүүрний будаг, үс арчилгааны бүтээгдэхүүнээ хортой бодис агуулаагүй “цэвэр” бүтээгдэхүүнээр солих тань туслах гарын авлага

 

Сүүлийн жилүүдэд гоо сайхны компани, инфлүэнсер болгон л тийм ийм юмнаас зайлсхий, тэр нь хорт хавдар үүсгэнэ, энэ нь харшил үүсгэнэ гэх боллоо. Энэ олон үзэл бодол, нэр томьёон дунд эргэлдсээр танд сүүлдээ бараг ванны өрөөнд байгаа бүх бүтээгдэхүүнээ хаяад бүгдийг нь шинээр эхэлмээр санагдах болсон уу? Гэхдээ clean beauty гэж яг юу юм бэ? Бүтээгдэхүүний шошго дээрх “all-natural” гэсэн бичигт яг итгэж болох уу? Хоргүй бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь тийм чухал юм уу? гэхээр…

Урьд өмнө нь хэзээ ч байгаагүй их сонголттой болсон өнөө цагт хүмүүсийн “цэвэр” байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж эх дэлхий болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн сэтгэл дээр тоглолт хийдэг хуурамч брэндүүд ч олширсон билээ. Түүнчлэн Европын нэгдсэн улсууд ахуйн хэрэглээний 1000 орчим өргөн хэрэглээний бодисыг хориглочхоод байхад гоо сайхны хамгийн том зах зээл болох АНУ ердөө 11-хэн бодисыг хориглосон байх юм. Дээрээс нь, брэндүүд бүтээгдэхүүнээ юу гэж нэрлэх, шошголоход хуулиар зохицуулалт хийдэггүй болохоор санаа зовмоор ч юм шиг. Тэгэхээр…

Clean Beauty-ийн эхлэлийг хэрхэн тавих вэ?

Гоо сайхны бүтээгдэхүүнээ “clean beauty” болгохоор шийдсэн бол та хамгийн энгийн мэдээжийн зүйлсээс эхлээрэй. Жишээлбэл: Гоо сайхны бүтээгдэхүүн чинь бүх л өдрийн туршид арьсан дээр чинь байх бол (чийгшүүлэгч тос) эсвэл биеийн чинь их хэсгийг ч хамрах бол (биеийн тос) тэрийгээ илүү “цэвэр” буюу clean бүтээгдэхүүнээр орлуулахаас эхлээрэй. Нарны тос, гар нүүрийн саван, биеийн шингэн саван/тос, суганы үнэр дарагч, нарны тос гэх мэт өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээ илүү байгалийн гаралтайгаар солиорой. Дараагаар нь илүү цэвэр байгалийн гаралтай шампунь, ангижруулагч, арьс арчилгаа, нүүрний будагруу шилжээрэй.

Татгалзах найрлагууд

Clean Beauty бол маш өргөн хүрээний найрлагуудыг хамарсан ойлголт боловч тэр чигт нь татгалзах хэд хэдэн найрлагууд бий. Гоо сайхны бүтээгдэхүүнд хамгийн түгээмэл ордог хэр нь ээ асуудалтай найрлагуудыг доор дурдъя.

PARABENS | FRAGRANCES | ALUMINUM COMPOUNDS | ETHOXYLATED AGENTS | FORMALDEHYDE | REFINED PETROLEUM | HYDROQUINONE| TALC | TRICLOSAN | SILICA | OXYBENZONE

 

PARABENS

Парабен бол гоо сайхны бүтээгдэхүүнийг хөгцөрч, муудахаас сэргийлдэг нянгийн эсрэг үйлчилгээтэй хадгалах хугацааг уртасгагч бодис юм.

Асуудал нь: Парабенууд хүний ​​биед агуулагдах эстроген дааврыг дууриаж, нөхөн үржихүйн эрхтнийг гэмтээх, бамбай булчирхайн үйл ажиллагааг тасалдуулах, гормоноос үүдэлтэй хорт хавдар, таргалалттай холбоотой болохыг нотолсон олон судалгаа байдаг. 

Гоо сайхны бүтээгдэхүүнд орсон парабенээс болж өсвөр насны охидын бэлгийн бойжилт эрт эхэлдэг ч гэж тайлбарласан судалгааг Human Reproduction сэтгүүлд нийтэлсэн байсан. Мөн парабен нь биед амархан шингэдэг: Их бүтээгдэхүүн хэрэглэдэг жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсэнд парабен их хэмжээгээр илэрсэн гэх 2014 оны судалгаа Reproduction сэтгүүлд нийтлэгдсэн байв. 

Европын холбооны комисс хэд хэдэн төрлийн парабенийг хориглочхоод байхад: isopropyl-, isobutyl-, phenyl-, benzyl-, pentylparabens; АНУ-д бүгдийг нь зөвшөөрдөг хэвээр байгаа билээ. 

 

FRAGRANCES AND PHTHALATES

FRAGRANCE гэдэг нь гоо сайхны бүтээгдэхүүнд анхилам сайхан үнэр оруулдаг 3000 орчим синтетик эсвэл байгалийн гаралтай химийн бодисын ерөнхий нэршил юм. Үнэр оруулагч бодисыг “худалдааны нууц” гэж үздэг учраас компаниуд яг ямар бодис ашигласнаа дурдах шаардлагагүй байдаг. Харин үнэрийг удаан хадгалахад тусалдаг PHTHALATES нь юмсыг уян хатан болгоход мөн ашиглагддаг химийн бодисууд юм (ж: хумсны будаг, үсний лак, хуванцар). Эдгээрийг найрлагын жагсаалтад DEP, BBzP, DBP, DEHP гэж товчилж бичдэг.

Асуудал: Fragrance орсон л бол phthalates ч гэсэн ихэнхдээ дагалдсан л байгаа гэсэн үг. Фталатууд нь эрчүүд, хүүхдүүдийн нөхөн үржихүй болон гормонд сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэсэн таамаг, судалгаанууд байдаг. Мөн “Fragrance” дангаараа ч гэсэн харшил, астма үүсгэж болзошгүй бодис билээ. Учир нь бид яг ямар төрлийн бодисыг хэр их хэмжээтэй орсныг мэдэхгүй шүү дээ. 

 

ETHOXYLATED AGENTS

Ethoxylated agents гэдэг нь polyethylene glycol (PEG), ceteareth, oleth, sulfates зэргийг хэлнэ. Sulfates нь цэвэрлэгээний бүтээгдэхүүнд хөөсрөх эффект үүсгэдэг бодис юм. Сульфатыг хиймлээр эсвэл хүхэр, нефть, мөн кокос, дал модны тосноос гаргаж авч болдог. PEG нэгдлүүдийг чийгшүүлэгч тос, үсний бүтээгдэхүүнд өтгөрүүлэгч, уусгагч, зөөлрүүлэгч бодис болгон ашигладаг.

Асуудал: Sodium Lauryl Sulfate нь маш хүчтэй цэвэрлэгч учраас үс арчилгааны бүтээгдэхүүнд ашиглахыг ихэд мууд тооцдог. Энэ бодис уг нь хоргүй боловч таны үсийг хуурайшуулдаг. Тиймээс sodium “lauryl” sulfate-ийг sodium “laureth” sulfate болгон хувиргах явцад 1,4-dioxane гэх бодис үүсдэг бөгөөд Байгаль орчныг хамгаалах агентлагаас (EPA) энэ бодисыг хүнд хорт хавдар үүсгэж болзошгүй гэж тодорхойлдог байна.

 

FORMALDEHYDE

Хамгийн зартай хадгалалтын хугацаа уртасгагч энэ бодисыг үс шулуутгах кератин эмчилгээнд өргөн ашигладаг. 

Асуудал: Дэлхий даяараа FORMALDEHYDE-ийг ​​хорт хавдар үүсгэдэг болохыг хүлээн зөвшөөрдөг учраас энэ бодисыг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнд ашиглахыг хориглосон боловч ашигласаар байгаад асуудал оршиж байна. Жишээ нь, үсний салонууд methylene glycol, formalin, methanal, methanediol гэх мэт бодисыг оронд нь ашиглаж байгаа бөгөөд эдгээр нь устай холилдохоороо formaldehyde-аас ямар ч ялгаагүй хорт хавдар үүсгэгч болж хувирч байгаа юм. Энэ нь таны эрүүл мэндэд эрсдэл учруулахаас гадна энэ бодисыг байнга ашиглаж байгаа салоны ажилчинд илүү их хор хөнөөл учруулж байгаа юм.

 

REFINED PETROLEUM

эрдсийн гаралтай тосыг (боловсруулсан газрын тос гэх мэт) чийгшүүлэгч бодис болгон уруулын балм, нүүрний тосонд өргөн ашигладаг.

Асуудал: Байгаль орчны зүгээс эрдсийн гаралтай тосноос татгалзах шалтгаан мундахгүй их байдаг. Гэхдээ эрүүл мэндийн зүгээс ч тэр, шалтгаанууд хэд хэд бий. 2011 оны судалгаагаар гоо сайхны найрлага дахь цэвэршүүлсэн газрын тос хүний биед хуримтлагдсаар хамгийн том бохирдол бодис болдог болдог гэдгийг олж тогтоосон байв.

 

HYDROQUINONE

Нөсөө толбыг бүдгэрүүлэх зорилгоор цайруулах болон сорвины тос, серумд ашигладаг цайруулагч бодис. Худалдааны бүтээгдэхүүнд 2%-ийн концентраэрдконцентрацтай ашиглагддаг. 

Асуудал: Hydroquinone нь зарим хавдар, дархлаа муудах, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа доголдох, арьсны охроноз үүсэх зэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндсэн дээр Европын Холбоо, Япон, Австрали зэрэг улсууд тус бодисыг хориглосон байна.

 

TALC

Talc гэдэг нь магни, силикон, устөрөгч, хүчилтөрөгчөөс гаргаж авдаг эрдэс бодис бөгөөд нүүрний нунтаг пудр, нүдний тень, хүүхдийн хуурай нунтаг зэрэгт өргөн ашиглагддаг бодис юм. 

Асуудал: Талкыг цэвэршүүлээгүй тохиолдолд дотор нь асбест гэгдэх хавдар үүсгэгч бодис байх магадлалтай гэж үздэг. 

 

TRICLOSAN

Бактерийн эсрэг ба нянгийн эсрэг үйлчилгээтэй энэхүү химийн бодисыг гар, биеийн саван, сормуусны будаг болон урьд нь шүдний оонд ашигладаг байжээ.

Асуудал: Триклозан нь элэгний фиброз, арьсны хорт хавдар, гормоны тэнцвэр алдагдах, “superbug” бактери (антибиотикт тэсвэртэй бактери)-ийг үүсэхэд нөлөөлдгөөс гадна одоо цагт ердийн савангаас илүү үр дүнтэй байхаа больсон билээ. 2019 оны 4-р сарын байдлаар FDA худалдааны зориулалттай гар ариутгагчид триклозан ашиглахыг хоригложээ. 

 

SILICA

SILICA = silicon dioxide буюу цахиурын давхар ислийг амны хөндийн бүтээгдэхүүнээс шингэн энгэсэгт хүртэл шингээгч, үл бөөгнөрүүлэгч, зүлгэгч бодис болгон ашигладаг. 

Асуудал: Хэлбэргүй силикаг (amorphous silica) гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахыг зөвшөөрдөг. Харин талст хэлбэрийн силика нь хорт хавдар үүсгэдэг учраас мэдээж хориглодог. Гэхдээ talc-тай ижилхэн, хэлбэргүй силикаг боловсруулах явцад нөгөө талст хэлбэрийн силикатай холилдох асуудлаас болдог байж болзошгүй юм. Байгаль орчноо бодсон ч тэр, силикагаас гаргаж авдаг гулгамтгай силикон нь бидний хайртай ихэнх праймерын гол найрлага бөгөөд байгальд задардаггүй.

Clean Beauty-тэй холбоотой чамин нэр томьёонуудын учир

Clean, organic, cruelty-free гэх мэт үгсийг брэндүүд хэрхэн ашиглаж болох тал дээр хуулийн зохицуулалт байдаггүй. Тиймээс бид танд бүгдийг нь тайлбарлаад өгье. 

VEGAN

Тухайн бүтээгдэхүүнд ямар ч амьтны гаралтай найрлага ороогүй гэсэн үг. Жишээлбэл: Зөгийн жилий, зөгийн бал, далайн гаралтай коллаген, сувд, эмгэн хумсны салсыг амьтдаас гаргаж авдаг.

CRUELTY-FREE

Тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр дүнг амьтан дээр туршаагүй гэсэн үг.

Жишээлбэл: Веган хэр нь амьтан дээр туршсан бүтээгдэхүүн байж болох бол, амьтны гаралтай хэр нь ээ амьтан дээр туршаагүй бүтээгдэхүүн бас байж болно.

ORGANIC

Органик гэдэг нь тухайн орцыг тарьж, ургуулж, хураах явцад ямарваа хиймэл ба химийн шавж устгагч, ургамал устгагч, бордоо ашиглаагүй бөгөөд генийн өөрчлөлтөд оруулаагүй гэсэн үг юм.

CLEAN

Clean гэдэг нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хорт, аюулт, эрсдэлтэй, нэмэлт (ж: үнэр оруулагч) бодисуудаас татгалзаж, зөвхөн байгалийн, хоргүй, энгийн орцуудыг “минимал” агуулсан гэсэн үг. 

DERMATOLOGICALLY TESTED

Тухайн бүтээгдэхүүнийг сайн дураар оролцогч хүмүүсийн арьсан дээр туршиж үзээд цочрол өгөх эсэхийг нь шалгасан гэсэн үг.

SUSTAINABLE

Sustainable гэдэг нь тухайн бүтээгдэхүүний сав баглаа, боодол, найрлага нь хүртэл байгаль орчинд хоргүй гэсэн үг юм. Үүний тод жишээ бол, дахин боловсруулсан цаас, шил ашигладаг, байгалийн цэвэр орц найрлагатай AROMATICA брэнд юм. Бүтээгдэхүүний шошгыг хүртэл шар буурцгийн бэхээр бичдэг байх жишээний.

Байгалийн гаралтай гэдэг нь илүү дээр гэсэн үг биш

Та болон байгаль орчинд. 

Жишээ нь, эфирийн тос бол ургамлын гаралтай маш хүчтэй найрлага учраас эдгээрийг ихэвчлэн байгалийн гаралтай эмийн зэрэглэлд тооцон FDA (АНУ-ын Хүнс, эмийн алба)-аас ямарваа зохицуулалт хийдэггүй. Нэг дусал гааны эфирийн тос нь ойролцоогоор 28 аяга гаатай цайтай тэнцэхүйц өндөр концентраэрдконцентрацтай учраас арьс арчилгаанд ашиглахад асуудалтай юм.

Иймээс буруу тунгаар найруулсан эфирийн тостой бүтээгдэхүүн таны арьсыг цочроох, харшил өгөх, цаашлаад батга гаргах сөрөг нөлөөтэй байдаг. 

СИНТЕТИК НАЙРЛАГУУД ИЛҮҮ АЮУЛГҮЙ, ҮР ДҮНТЭЙ Ч БАЙЖ БОЛОХ ЮМ

Синтетик аргаар гаргаж авсан бодисууд байгалийнхыгаа бодвол илүү “цэвэр”, үр дүнтэй байж болохыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, витамин Ц-ээс синтетик аргаар гаргаж авдаг L-ascorbic acid нь цайруулах бүтээгдэхүүнд ордог хамгийн үр дүнтэй найрлагын нэг юм. 

Дээрээс нь, үнэхээр цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүний найрлага болох хатаасан ургамлууд нь бүтээгдэхүүн болох хүртлээ лабораторид хэр удаан байсныг нь хэн ч мэдэхгүй шүү дээ. 

Эцэст нь хэлэхэд сонголт таны гарт шүү, бүсгүй минь. Энэ нийтлэлээр олж авсан мэдлэг тань ирээдүйд сонголт хийхэд тань дөхөм болно гэж найдаж байна.