Гоо үзэсгэлэнгээ гайхуулан зун цаг иржээ. Манай The Top Shelf булангийн зочноор поп, ритмт блюз жанраар уран бүтээлээ туурвидаг дуучин Батчулууны Маралжингоо уригдан оролцлоо. Дуучин бүсгүйн гоо сайхны ертөнцөөр аялахад та бэлэн үү?
Улаанбаатар хотод төрж өссөн, айлын 3 хүүхдийн дундах нь. ХБК-д 7 жил төгөлдөр хуурч мэргэжлээр сурч төгссөн, мөн гоц авьяастны сургуульд сурч байсан урлагийн өндөр мэдрэмжтэй ийм нэгэн бүсгүйн гэрээр зочлох завшаан тохиолоо. Бидний яриа урлагийн замд орсон үеэс нь эхэлсэн юм.
Би 12 настайгаасаа дуулж эхэлсэн. Гэхдээ хамгийн анх олон нийтэд цацагдсан дуу маань бол “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг дуучин Хаянаа ах, Номинжин нартайгаа хамтран дуулсан юм.
Би тэр үедээ 14 настай жоохон охин байлаа. Мэдээж урлагийн хүн болохоор гадаад үзэмжиндээ санаа тавилгүй яах вэ, гэхдээ миний арьс арчилгаа болон нүүрээ будаж эхэлсэн үе маань бол 17 нас. Миний хамгийн их ач холбогдол өгч буддаг нь миний нүд. Нүдээ их гоё өвөрмөц будах дуртай. Зарим хүмүүс будаагүй мэт натурал будалт хийх нь гоё гэж ярьдаг. Би харин будаагүй юм шиг байснаас огт будаагүй нь дээр гэж үздэг.
Харин арьс арчилгаандаа бол нэлээд ул суурьтай ханддаг. Би их нимгэн эмзэг, хуурай арьстай. Ийм арьсны нэг хэцүү зүйл нь их хурдан үрчлээ үүсэх гээд байдаг. Маш их уншиж судалж, орц найрлагуудыг нь судалсны үндсэн дээр бүтээгдэхүүнээ сонгож авдаг. Нэг брэндээр дагнадаггүй. Мөн нэг төрлийн бүтээгдэхүүнээ удаан хэрэглэх дургүй, арьсанд дасал болчихно гэж итгэдэг. Би гоо сайханд ордоггүй, гэрээрээ л арчилгаа хийчихдэг. Төрөлхийн хацраараа булцгар, 49 кг хүртэл турахад миний 2 хацар байсаар л байсан. Харин миний сүүлийн 2 жил хэрэглэж байгаа Eco Your Skin-ий Pilates Mask их үр дүнтэй байгаа. Ер нь аливаа бүтээгдэхүүнийг тогтвортой хэрэглэж байж л үр дүн гарна гэдэгтэй маргахгүй биз дээ. Нүүрний контурыг өөрчлөхийн тулд их тогтвортой хэрэглэх нь чухал. Энэ маск бол арьсыг өргөж татаж, контурыг өөрчлөх үйлчилгээтэй. Нүүрний булчин ба өөхөнд хүрч үр дүнгээ өгдөг. Жилийн хугацаанд л нүүрний хэлбэр өөрчлөгдөөд эхэлсэн.
Мөн үүний хажуугаар хувийн зохион байгуулалт өндөртэй байх хэрэгтэй шүүдээ. Хүссэнээрээ идээд байж болохгүй. Гоо сайханд золиос хэрэгтэй. Миний төрөлхийн энэ булцгар хацрыг янзлах мэс засалд орох боломжгүй. Учир нь хацрын ясыг янзалбал хоолойд өөрчлөлт ордог юм билээ. Тэгэхээр байгаагаа л сайжруулах гэсэн нэг л сонголттой. Би ер нь гоо сайхны мэс заслыг буруутгадаггүй. Чамд ямар байвал илүү тухтай, өөртөө таалагдаж, өөртөө итгэлтэй байна гэж өөрийгөө сонсоод хүссэн гоо сайхны мэс ажилбараа хийлгэж болно гэж боддог. Ухаантай л байвал гаднах үзэмж хамаагүй гэдэгтэй хэзээ ч санал нийлдэггүй. Би 40 гараад арьсаа татуулна гэж боддог.
Хувцаслах хэв маяг гэж нэг их туйлширдаггүй. Сайн материалтай, биед суулт сайтай хувцас өмсөх дуртай. Fast fashion -г таашаадаггүй. Хувцас хийх гэж хэдэн зуун литр ус хэрэглэдэг гэдэг утгаараа байгаль экологид муу нөлөөтэй. Дээд зэрэглэлийн брэнд ч гэж бас туйлширдаггүй. Ямар нэгэн түүх, тэмдэглэлт үйл явдалтай холбоотойгоор л үнэтэй худалдан авалт хийдэг.
Сонсох дуртай podcast-ууд?
Монголоос бол Ideree’s Podcast, Baliar Oodrog Podcast
Гадаадаас бол Hidden Brain, Mogul, Radiolab, Song Exploder, Slow Burn
Унших дуртай ном?
Зөвлөлтийн зохиолчдын туужис. Хэдэн ч удаа уншихаас уйддаггүй, хорвоогийн эрээн бараан бүгдийг богино туужуудаар илэрхийлсэн. Үнэхээр уйдамгүй. “Алаг хав толгой“ өгүүллэг бүх цаг үеийн favorite.
Би бас Vogue -ийн бүх контентуудад дуртай. Эрч хүчтэй хэрнээ энгийн гоё байдаг. Миний хамгийн үзэх дуртай блоггерууд Un Fille, Un Style, Dasha Kim, Jenn Im, ToThe 9s, Soothing Sista. Бүгд амьдралын хэм хэмнэлийг харуулсан энгийн, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Сүүлийн үед би сонирхлынхоо дагуу хүний биеийн анатомийн тухай, тухайлбал хүний тархины үйл ажиллагаа ямар процедуртай вэ гэдгийг сонирхож судалж байгаа. Би ер нь их сониуч, шийдэмгий, эрсдэлээс айдаггүй төрлийн хүн. Бүр 12 настай байхдаа хөдөө явж 5 сар орчим мал маллаж байсан. Сонирхсон зүйлээсээ хэзээ ч ухарч няцдаггүй.
Би байгальд хайртай, аялах дуртай. Хувийн орон зайг хүсвэл хөдөө явчихдаг. Байгалийн тэр давтагдашгүй мөчүүдийг мэдрэх дуртай, жижиг жижиг, үзэсгэлэнтэй, нуруу арзайлгамаар мөчүүд байдаг даа, тэр мэдрэмжиндээ хайртай, түүгээрээ тэжээгдэж урам зориг авдаг.
Үлгэр дууриалал авдаг хүмүүс?
Дэлхий ертөнц дээр гайхалтай эмэгтэйчүүд маш олон ч ээж болон эмээгээсээ л сурч биширч, үлгэр дууриалал авдаг. Аливаад уужуу тайван хандаж, асуудалтай харьцаж сургасан. Ялангуяа эмээ минь миний амьдралд их нөлөөтэй.
Шүтлэгтэй юу?
Мэдээж буддист шашинтай. Osho урсгалыг судалдаг. Эмээ минь Чин-хай урсгалыг судалдаг байсан юм. Эмээ минь заахдаа энэ газар, уул ус савдаг бол амьтай, тэднийг баясгах ёстой, тэднийг хүндэлж зориулж дуу дуулж өгч бай гэж сургасан. Хүүхэд байхаасаа л хөдөө хээр явахдаа дуу дуулж байснаас болж миний хоолойн цар хүрээ нэмэгдэж их хүчтэй болсон байх гэж боддог.
Сонсох аялах дуртай дуунууд?
Аугаа Норовбанзад гуайн дуунуудыг сонсох дуртай. “Замба тивийн наран” -г их сонсдог. Ардын шинж чанартай, өөлөөгүй чулуу шиг зүйлд дуртай. Ардын дуунууд аялах дуртай. Тэр тусмаа “Бор борын бялзуухай” “Алсын газрын зэрэглээ” -г аялах дуртай шүү. Ер нь дуу хөгжмийг тухайн моментод нь мэдрэх сайхан, тэр үеийн дурсамжийг надад эргүүлэн авчирч өгдөг. Дуу хөгжим бол гайхамшиг юм даа. Сараа эгч, Ариунаа эгч, дээр үед бол Байздаг их сонсдог байлаа. Зусланд явж байсан үе маань нүдний өмнө жирэлзээд л өнгөрдөг. Гадаадаас сонгодог хөгжим бас нэлээд түлхүү сонсдог.
Гэр бүлээсээ уламжилж авсан гоо сайхны типс бий юу?
Эмээ маань маш үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Эмээгийнхээ зааснаар үсээ их арчилдаг. Би төрөлхийн урт буржгар үстэй. Эмээ маань их арчилж өгнө. Халгайгаар угааж өгдөг байв. Бас бор сахарыг бүүр нунтаглаад зөгийн балтай холиод нүүрний скраб хийж өгдөг байв. Үс маань одоо их унадаг. Бараг 40% нь уначихсан байгаа. Одоогийн нөхцөлд үс уналтын шампунь хэрэглэж байгаа. Аль болох натурал, vegan бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Aromatica -ийн Rosemary ActiveV Anti-Hair Loss Shampoo-г Rosemary Active V Anti-Hair Loss Tonic -той нь цуг хэрэглэж байгаа. Тонер нь уддаг шүү. Шампунийг нь саяхан авсан шинээр. Үр дүн маш сайн байгаа. Ийм гоё бүтээгдэхүүнүүд оруулж ирж байгаа Beauty Secrets -дээ тун их баярлаж байгаа. Би үснийхээ хэв маягийг өөрчлөх бодолгүй. Үсээ бас буддаггүй. Биеийн арьс арчилгаандаа мөн л санаа тавихыг их хичээдэг. Аль болох vegan, натурал орц найрлагатай бүтээгдэхүүн сонгохыг их хичээдэг. Aromatica -ийн Lively төрлийг тос ба shower gel -тэй нь цуг хэрэглэдэг. Үнэр нь сэнгэнээд их гоё. Зуны улиралд ялангуяа энэ үнэхээр зөв сонголт шүү.
Хамгийн их хэрэглэдэг апп?
Youtube, Instagram, M-Plus, Pinterest, Snapseed
Цүнхнээсээ салгадаггүй гоо сайхны зүйлс?
Хэчнээн жижиг цүнхтэй байлаа ч ⅔ нь гоо сайхны зүйлс байдаг. Хоёр өнгийн уруулын будаг, контур, сэвх зурдаг харандаа, хааяа хамар дээрээ peachy өнгө тавьдаг өнгө гээд л. Сэвхтэй маань нийлээд хөөрхөн дэггүй, өхөөрдөм дүр өгдөг. Ээмэг бөгж нэг их хэрэглэдэггүй. Цаг ч зүүдэггүй. Тоглолттой үед л зарим нэг акксесуар зүүдэг.
Жингээ хэрхэн барьдаг вэ?
Fitness-ээр түлхүү хичээллэдэг. Хоолны дэглэм барьдаггүй. Өглөө босонгуутаа ус уудаг, өдөрт нэг ногоон алим, гадил, өндөг заавал иддэг. Миний нэг муу зуршил бий. Би Cola их уудаг. Тиймээс тэнцвэрийг нь хадгалах гээд маш их хэмжээгээр ус уудаг.
Эмэгтэй хүний гоо сайхан хаана оршдог вэ?
Цэвэрхэн булбарай арьсанд гэж боддог. Цэвэр цэмцгэр эмэгтэй хамгийн гоё.
Одоогийн миний байгаа цаг үе хамгийн сайхан. Энэ цаг үедээ маш их хайртай. Өөртөө эвтэйхэн байгаа эмэгтэй хамгийн гоо үзэсгэлэнтэй. Өөрийн орон зайдаа ая тухтай аз жаргалтай амьдрахыг л чухалчилдаг. Залуу охидууддаа хэлэхэд туйлшрамтгай байж, ухаантай царайлах гэж хэлбэрдэх хэрэггүй. Чи өөрийнхөө орон зайг бий болгож түүндээ амьдарч, өөрийнхөө гоо үзэсгэлэнг байгаагаар нь хүлээж аваад дараа нь гоё тоглолтууд хийж болно.
Төгс байх гэж хичээх хэрэггүй. Хэн нэгэн оддын зураг харчхаад даган дууриаж төгс байх гэж өөрийгөө хаях хэрэггүй. Өсвөр насныхан хамгийн ихээр ингэдэг. Чи заавал Ariana Grande шиг болох албагүй. Тэр одуудын цаана брэнд нэрийг нь үүсгэх гэж бүхэл бүтэн баг ажилладаг. Тэд хэзээ ч өөрсдийнхөөрөө амьдарч чаддаггүй гэдгийг битгий мартаарай.
21 настай өөртөө энэ цагаас ямар зөвлөгөө өгөх вэ?
Арьс арчилгаагаа яг дарааллаар нь зөв хийгээрэй. Залуу байна олон юм хэрэглэхийн шаардлагагүй гэж андуу ташаа битгий бодоорой. Хэрэглэх ёстой олон зүйлсээ яг л шат дараатайгаар нь хийх нь чухал шүү гэж хэлмээр байна.
Ярилцлагыг Б.Оюунцэцэг
Гэрэл зургийг B. Пүрэвдорж