Хоол хүнс үнэхээр батга гаргадаг уу? Ямар хоол хүнс батгыг эдгээдэг вэ?

Батга яагаад хоол хүнстэй хамаатай байдгийг эхлээд ойлгоцгооё.

Батганд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь хооллолт яах аргагүй мөн. Бидний биеийн энергийн эх үүсвэр нь нүүрс ус /carbohydrate/ бөгөөд бид бүх идсэн нүүрс усаа глюкоз гэх энгийн сахарын нэгдэл болгон задалж цусны судсаар дамжуулан бүх биед энерги болгон тараадаг. Үүнээс цусан дахь сахарын хэмжээ гэсэн ойлголт үүсдэг. Хэрвээ таны биед шаардлагатайгаас илүү их хэмжээний глюкоз байвал түүнийг бие дараа хэрэглэхэд зориулж элэг болон булчин дотор хадгалдаг байна. Гэхдээ таны глюкозын хэрэгцээ ч, элэг болон булчингийн багтаамж ч дүүрсэн бол энэхүү илүүдэл сахарыг таны бие өөх болгон хадгалдаг.

Тэгвэл бидний идэж буй хоол хүнс батга гарахад ямар хамааралтай болохыг ойлгохын тулд бид ИНСУЛИН гэх гормоныг ч гэсэн ойлгох шаардлагатай болно.

Инсулин гэх гормон нь цусан дахь глюкоз буюу сахарыг биеийн эсүүдэд энерги болгон хувиргахад нь тусалдаг учраас цусан дахь сахарын хэмжээ ихсэх бүрд инсулины хэмжээ дагаад ихэсдэг гэсэн үг юм.

Гэвч инсулин нь батга гарахад нөлөөлдөг андроген гэх өөр нэг гормоны ялгаралтыг идэвхжүүлдэг нь батга гаргахад нөлөөлдөг гол шалтгаан болж байгаа юм.Андроген гэх даавар арьсанд илүү их тос ялгаруулах дохио өгч үрэвсэлт батга гаргадаг. Дээрээс нь энгийн сахар ихтэй хүнс биед нийтэд нь үрэвсэл үүсгэдэг учраас гарсан батгыг илүү хүндрүүлдэг байна.

Гэхдээ бүх нүүрс ус муу гэсэн үг биш! Биед ороод маш хурдан сахар болон задарч цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг хүнсийг High-Glycemic Foods гэнэ. Харин биед ороод удаанаар сахар болон задарч цусан дахь сахарын хэмжээг аажмаар нэмэгдүүлдэг хүнсийг Low-Glycemic Foods гэнэ. Ингэж цусан дахь сахарын хэмжээг удаанаар нэмэгдүүлдэг хүнс инсулины төвшинг ч гэсэн тогтвортой байлгаж батга гарахаас сэргийлж, гарсан батгыг илүү хурдан эдгээнэ.
High-Glycemic Foods нь хэт боловсруулсан нүүрс устай хүнсийг хэлнэ (ихэвчлэн лаазалж, ууталж, савалж, бэлэнчлэсэн бүтээгдэхүүнүүд байдаг). Жишээлбэл: 

  • Цагаан гурил орсон бүх хүнс (пицца, бургер, талх, гоймон, бялуу, кекс, боов, печень г.м)
  • Цагаан будаа (жишээлбэл: цагаан будааг бусад бор будаа, хөц будаа, гурвалжин будаатай харьцуулаад үз)
  • Цагаан сахар орсон бүх хүнс (чихэртэй ундаа, жүүс, шоколад, тараг, сүү, резинен чихэр г.м)
  • Цэвэршүүлсэн ургамлын тос (жишээлбэл: цэвэршүүлсэн наран цэцгийн тос ба 100% цэвэршүүлээгүй оливын тосыг харьцуулаад үз)

Эдгээр хүнсийг идэж болохгүй гээгүй ч зарим хүмүүс зөвхөн эдгээр хүнсээр өдөр бүр хооллох болсон нь батгыг сэдрээх, хүндрүүлэх, эдгээхгүй байхад нөлөөлж байгаа юм.

Тэгвэл цусан дахь сахарын хэмжээг хөөргөдөггүй, нүүрс уснаас гадна олон амин дэм, шим тэжээлтэй, батгыг эмчилдэг хүнснүүдээс дурдвал (ихэвчлэн байгальд ургасан, савлаагүй, боловсруулаагүй бүтээгдэхүүнүүд байдаг): 

  • Бүхэл үрээр хийсэн хүнс (арвай, бор будаа, хөц будаа, гурвалжин будаа, шар будаа, овьёос, эрдэнэшиш, бүхэл үрийн талх, боов г.м)
  • Байгалийн сахар агуулсан хүнс (бүх төрлийн жимс, жимсгэнүүд)
  • Бүх төрлийн нарийн, ногоон, навчит, өнгө өнгийн, үндэслэг ногоонууд, мөөгнүүд
  • Бүх төрлийн самар (кэшью /cashew/, бүйлс /almond/, хушга /walnut/, газрын самар /peanut/, ойн самар /hazelnut/)
  • Бүх төрлийн үр (маалинга, чиа, хулууны үр г.м)
  • Өөхтэй загас ба далайн бүтээгдэхүүнүүд (далайн замаг, хулд загас г.м)
  • Бүх төрлийн шош, вандуй, сэвэгзарам (улаан шош, хар шош, chickpeas, цагаан шош, буурцаг, вандуй г.м)
  • Бүх төрлийн мах (хонь, үхэр, гахай, тахиа, өндөг г.м)

Мөн дараах 3 бодис батгыг эдгээхэд тусалдаг:

  • Цайр
  • Витамин А, Е
  • Антиоксидант

Арьсанд сайн хоол хүнс:

  • Лууван, амтат төмс, чангаанз зэрэг улбар шар, шар жимс, ногоо
  • Бууцай болон хар ногоон навчит ногоо
  • Улаан лооль
  • Нэрс
  • Бүхэл үрийн талх
  • Бор будаа
  • Киноа
  • Цацагт хяруул
  • Хулууны үр
  • Шош, вандуй, сэвэгзарам
  • Хулд, хар амар гэх мэт өөхтэй загас
  • Самар

Та аливаа хоолны дэглэмийг барихынхаа өмнө үргэлж хоолны үл тэвчих байдал болон харшилтай эсэхээ бодолцож байгаарай.

Эдгээр хүнснүүд үнэхээр батгыг эмчилдэг гэдэг нь үнэн үү?

 Low-Glycemic Diet

Ийм төрлийн хоолны дэглэм барьсан эсвэл комплекс нүүрс ус агуулаагүй хүнс хэрэглэвэл батга гарахаас сэргийлдэг, гарсан батгыг эдгээдэг гэдгийг нотлох хэд хэдэн судалгаанууд байдаг. Жишээлбэл, Солонгос улсад low-glycemic diet барьсан хүмүүсийн арьс 10 долоо хоногийн дотор эрс эдгэрсэн байхыг судлаачид олж илрүүлжээ. Америкийн Арьс судлалын академийн сэтгүүлд уураг их, low-glycemic дэглэмийг 12 долоо хоног барихад эрчүүдийн батга эдгэрч, жин хассан байв.

Цайр

Цайр агуулсан хүнс хэрэглэх нь батга гарахаас сэгийлж бас эмчлэхэд тусалдаг гэдгийг баталсан олон судалгаанууд байдаг. Эсрэгээрээ цайрны дутагдалтай хүмүүст илүү хүнд хэлбэрийн батга гардаг гэсэн тоо баримт байдаг. Хэрвээ та батгатай бол цайрын нэмэлт тэжээл, цайр агуулсан бүтээгдэхүүн эсвэл хүнс хэрэглэвэл тохиромжтой.

Цайраар баялаг хүнснүүд:

  • Хулууны үр
  • Кэшью самар
  • Үхрийн мах
  • Цацагт хяруул
  • Киноа
  • Сэвэгзарам
  • Хясаа, хавч зэрэг далайн хүнс

Витамин А болон Е

Витамин А болон Е нь арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг бөгөөд Витамин А, Е-ийн дутагдал ч гэсэн хүнд хэлбэрийн батга гаргахад нөлөөлдөг гэнэ. 

Антиоксидант болон омега-3 өөх тосны хүчил

Омега-3 нь бидний тархи, нүдний эрүүл үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй боловч бидний бие өөрөө энэ өөх тосны хүчлийг бий болгож чаддаггүй учир заавал идэж буй хоол хүнснээс нэмэлтээр авах шаардлагатай байдаг. Омега-3 болон антиоксидантын нэмэлт бэлдмэл хэрэглэдэг хүмүүсийн батга багасч, сэтгэцийн эрүүл мэндэд нь эерэг өөрчллөлт гардаг гэсэн судалгааг Lipids in Healths and Disease сэтгүүлд нийтэлсэн байна.

Омега-3 агуулсан хүнс:

  • Загас болон далайн гаралтай хүнс (хулд, хар амар, туна, сардин г.м хүйтэн усны загаснууд)
  • Самар болон үрнүүд  (малаинга, чиа үр болон хушга)
  • Ургамлын тос (маалинга, шар буурцаг, канолын тос)

Эх сурвалж: Cirino, Erica. “Anti-Acne Diet.” Healthline, 25 October 2018. https://www.healthline.com/health/anti-acne-diet. Accessed on 30 June 2021.