Батга өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Батга бол өсвөр насныхан болон залуучуудад хамгийн түгээмэл тохиолддог арьсны асуудал бөгөөд ихэнх хүмүүсийн батга 20 насны босгыг даваад арилж эхэлдэг. 

Гэвч аяндаа бүдгэрэх болов уу хэмээн найдах сорвиноос гадна батга өөр илүү гүн, үл анзаарагдам хохирлыг үлдээдэг гэдгийг та мэдэх үү? Хүмүүс батгыг зөвхөн арьсанд л нөлөөлдөг гэж эндүү боддог. Гэвч яг үнэндээ маш хүнд хэлбэрийн батганууд бие махбодод биш ч, өөр олон хэлбэрээр маш их хохирол учруулдаг.

 

Батга сэтгэл гутралыг даамжруулдаг

Батганаас болж шаналагчдын 80 хүртэлх хувь нь дөнгөж өөрийгөө нээж, өөртөө итгэх итгэлийг олж, нийгмийн харилцаанд оролцоход шаардлагатай ур чадварыг эзэмшиж эхлэх гэж байгаа бусдыг ихэд үлгэрлэн дууриадаг өсвөр насны хүүхдүүд болон залуучууд байдаг учраас нүүрэндээ батгатай явах нь сэтгэл санааны хувьд ямар их дарамт авчрахыг та төсөөлж байна уу?

Судлаачид батганаас болж өсвөр насныхан, тэр дундаа охид, илүү их сэтгэлийн хямралд өртдөг бөгөөд шалтгаан нь “бусдад хүлээн зөвшөөрөгдөх” гэсэн өсвөрийнхний сэтгэл зүйтэй холбоотой болохыг олж илрүүлсэн байна. Үнэхээр ч энэ насан дээр тэдний дунд “бусадтай нийцэх” гэсэн үе тэнгийнхнээс нь ирэх дарамт, шахалт их байдгийг насанд хүрсэн бид ч гэсэн ойлгож байгаа байх. Дээрээс нь, өсвөр насныхны дунд царайлаг, гоё биетэй байх нь тэдний нэр хүнд, “байр сууринд” нь маш том хамааралтай байдгийг олон ч судалгаанууд ар араас нь нотолсоор байгаа билээ.

Тэгэхээр найзуудтайгаа нийцтэй байж, тэдний нэг байхыг үнэхээр хүсэж байгаа дээрээс нь бусдыг даган дууриамтгай өсвөр насны хүүхдэд нүүрэн дээр нь гэнэтхэн баахан батга гараад унавал тэдэнд ямар санагдана гээч. Арьсны эмч нар эдгээр хүүхдүүдийн мэдэрдэг стресс, яагаад сэтгэлийн хямралд орох магадлалтай байдгийг ойлгодог учраас хэрвээ батгашилт нь маш хүнд хэлбэрийнх байвал батгыг нь эмчлэхээс гадна сэтгэл засах эмчилгээнд ч явуулах тохиолдол бий. Ингэснээр батганаас болж шаналж буй хүн батгыг эмчлэх болоод сэтгэл санаагаа хэрхэн зөв байлгах талаар заавар зөвлөгөө авсан цогц эмчилгээг авч чаддаг.

 

Батга өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үгүй хийдэг

Сэтгэлийн хямрал бол батганаас үүдэлтэй сөрөг нөлөөний ердөө нэгээхэн хэсэг нь. Маш хүнд хэлбэрийн батгашилттай хүмүүс ихэвчлэн өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур бөгөөд харагдах байдалдаа сэтгэл дундуур явах нь элбэг байдаг.

Учир нь, таны нүүр царай, харагдах байдал чинь таны салшгүй нэг хэсэг учраас та хэчнээн үгүй гэж үгүйсгэсэн ч далд ухамсартаа “хүмүүс намайг юу гэж харж, бодож байгаа бол” гэдэгт санаа зовниж л байгаа. Гэтэл нүүрээрээ дүүрэн улаан эрээн, идээтэй батгатай, харласан нөсөө толбо, сорвитой байхад сэтгэл санаа яаж дээр байх вэ дээ, тийм үү?

Ийм учраас батганаас болж шаналж буй хүмүүсийн яагаад өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доогуур байдгийг гайхаж, няцаагаад байх зүйлгүй юм. Тэдний өөрсдийн гадаад төрхөд сэтгэл дундуур байгаа нь олон янзаар илэрдэг. 

Жишээлбэл: 

— Бусдын нүүррүү харахаас ичдэг учраас нүдээ далдичуулдаг болох

— Батгаа нуухын тулд үсээ урт ургуулж нүүрээ хаах

— Охид батгыг нь сэдрээнэ гэдгийг мэдсэн хэр нь нүүрээ зузаан будаж батгаа халхлах гэх мэт.

Батга нүүр гэлтгүй чээж, нуруун дээр хүртэл гардаг учраас зарим хүмүүс биеэ ил гаргасан хувцас өмсөхөөс зайлсхийж, усанд сэлэхээр ч явч чадахгүй болдог.

 

Батганаас болж хүмүүстэй харьцахаа больдог

Хүмүүстэй харилцахаа больж “дотогшоо” болох нь бас л батганаас үүдэлтэй сөрөг нөлөөнүүдийн нэг. Батганаас болж шаналдаг дунд болон ахлах ангийн сурагчид нэн ялангуяа бусдаас голдоо ортлоо гомдмоор муухай үгсийг их сонсдог. Ийм сөрөг хандлагыг бага дээр нь зогсоохгүй бол тухайн үгийг байнга сонсож байгаа хүүхэд бусадтай харилцахаас бүр мөсөн зайгаа барих болдог.

Түүнчлэн, батганаас болж шаналдаг хүмүүст өөртөө итгэх итгэлгүйгээсээ болж дараа нь бусадтай, ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ, ярилцах, харилцаа тогтооход хэцүү болдог ажээ. Залуу хүмүүс жишээлбэл илүү дуугүй, бүрэг, ичимхий, бүүр цаашлаад хүмүүстэй харилцах тоолондоо сэтгэлийн түгшүүртэй болох магадлалтай гэнэ.

 

Батга сурлага, ажил төрөлд ч сөргөөр нөлөөлдөг

Залуу хүмүүс энэхүү арьсны өвчнөөс болж бие, сэтгэлийн дарамтад орохоос гадна хичээл сурлага, ажил төрөлд нь ч гэсэн нөлөөлдөг.

Жишээлбэл, өсвөр насныхан үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж, элдвээр хэлүүлснээс болж сургуульдаа явмааргүй болж хичээлээ хүртэл тасалдаг болдог. Харин насанд хүрэгчдийн хувьд батганаас болж ажил, мэргэжил олоход хүртэл хүндрэлтэй байдаг. Хүмүүстэй харилцах, нүүр царай болох ажлууд тухайн хүнийг харагдах байдлаар нь дүгнэдэг учраас ийм ажил хийе гэлээ ч орж чадахгүй байх магадлалтай байдгийг үгүйсгэхийн аргагүй.

Мөн түүнчлэн батганаас болж шаналдаг хүмүүс бусдыгаа бодвол ажилд тэнцэх магадлал ч бага байдгийг харуулсан судалгаа байдаг бөгөөд шалтгаан нь харагдах байдлаасаа болж өөртөө итгэлгүй болсонтой холбоотой гэж тайлбарладаг. Мөн ихэнх ажил олгогчид ярилцлага өгч байгаа хүнийг хэд ажиглаад л тухайн ажлыг хийх чадвартай эсэхийг өлхөн мэдчихдэг.

 

Эцэст нь хэлэхэд,

Хэдийгээр батга бие махбодод нөлөөлдөг арьсны өвчин боловч далдуур хүүхдийн сэтгэл санаанд гүн шигдсэн хохирол учруулдаг. Эдгээр сөрөг үр дагавруудыг эртхэн олж илрүүлэхгүй бол тухайн хүн хожим батганаасаа салсан ч гэлээ сөрөг үр дагавруудаас нь болж шаналсаар л байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэхүү арьсны өвчинг эрт эмчилж, сэтгэл санаанд учруулах хор нөлөөг нь ч гэсэн анхааралдаа авч чадвал өсвөр насны хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэцийн эрүүл мэндэд учруулах хор нөлөөг насанд хүрэгчид бид багахан ч болов багасгаж чадна.

 

Редакторын үг

Энд бичсэн бүх зүйлс үнэн бөгөөд батганаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд хүүхдийн сэтгэл зүйд гүн сэв үнэхээр суулгадаг. Үүний тод жишээ нь миний өөрийн түүх юм.

Бибээр Beauty Secrets-ийн контентийг бүтээгч бөгөөд хэрвээ миний нүүрэн дээр 11 жилийн турш маш хүнд хэлбэрийн батга туурагүй байсан бол би өдгөө энэ ажлыг хийгээд сууж байхгүй байсан байх. Анх 13 настайгаас минь гарч эхэлсэн батгыг эмчлэх гэж би хорвоо дээрх бүх батганы эсрэг гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр, батганы талаар судалсаар нэг л мэдэхэд арав гаруй жил өнгөрч үүнийгээ мэргэжил болгосон байх юм.

Батга миний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэвэл:

  • Би багадаа батгаа нуухын тулд нүүрнийхээ талыг тагласан урт чолк гаргадаг байлаа.
  • Бас л батгаа нуухын тулд пудрээр хувхай цагаан болтол нь буддаг байсан.
  • Толинд харах тоолондоо орой бүр уйлж, хааяадаа зүгээр л арьсаа түлээд хуулаад хаячихмаар санагддаг байсан.
  • Долоо хоног бүр, сар бүр арьсныхаа зургийг авсаар 7 жил өнгөрчээ. Одоо батганаасаа салсан ч гэсэн бас л зургаа авдаг.
  • Өдгөө 23 нас хүрээд батгаа эмчилсэн ч гэлээ батганаас үлдсэн сорвинууд одоо хэр нь арилахгүй байсаар л.
  • Оюутан болоод батганаасаа хэзээ ч салж чадахгүй юм байна гэж бууж өгөөд өөрөө өөрийгөө арчлахыг тэр чигт нь хаясан. Нүүрээ ч будахгүй, арьсаа ч арчлахгүй, гоо сайхан, хувцаслалт бүгдийг нь тэр чигт нь хаячихсан. Тийм учраас ганцхан өмд, энд тэндээс авсан цамцнаас өөр хувцас өмсдөггүй байсан сан.
  • Батга болон бас бус шалтгаанаас болж хүнтэй харилцаж чадахгүй, аймхай, үг дуугарч чадахгүй учраас оюутан болоод айсандаа эхний хоёр жил ихэнх хичээлээ тасалсаар дүнгүүд ч муу гардаг байсан. Хожим 3, 4 курстээ хичээгээд бүх хичээлийнхээ дүнг онц гаргаад ч нийт голч дүн маань тийм ч сайн гараагүй.
  • Их сургуулиа төгсөөд ажилд ороход ч гэсэн ажил олгогч нар намайг нүүрээ будаж батгаа нуу гэдэг байсан. Мэдээж энэ хүртэл амтай болгон нь л батганы минь талаар үргэлж гоочилж, өөчилж сануулдаг байсан.

Батга бол ноцтой арьсны өвчин учраас үүнийг уншиж байгаа хүүхдүүд ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ биш мэргэжлийн арьс, өвчин судлал, харшлын эмнэлэгт хандан үзүүлж эмчлүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдэдээ анхаарал хандуулж, “наадах чинь насны онцлог” гээд орхихгүй туслах хэрэгтэй шүү.

 

Эх сурвалж: Palwinder. “The Psychosocial Impact of Acne on Teen Mental Health.” Gateway To Mental Health Services. April 10, 2019. Link.

 

Танд хэрэгтэй нийтлэлүүдийг санал болгоё:

“Хар батгыг хэрхэн арилгах вэ? Танд хэрэгтэй зөвлөгөө өгье”

“Мөөгөнцрийн батга гэж юу вэ? Танд байгаа юу?”

“Цээж ба нурууны батгыг арилгах зөвлөгөө”

“Хоол хүнс үнэхээр батга гаргадаг уу? Ямар хоол хүнс батгыг эдгээдэг вэ?”

“Гормоны батга гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?”

“Батганаас болж үүссэн нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?”

“Өсвөр насны арьс арчилгааг хэрхэн хийх вэ?”