Таны карьерын амжилт микро сургалтаас эхэлнэ

Цаг ямагт шинийг сурч мэд. Чингэвэл бид карьертаа ахиц дэвшил гаргаж чадна.

Завгүй ажлын хуваарь, өдөр тутмын хийх ажил, найзуудтайгаа уулзах, дасгал хийх, гэр бүлдээ анхаарал хандуулахын хажуугаар ямар цаг заваараа шинэ ур чадвар эзэмшиж, мэргэшлээ дээшлүүлэх вэ? Тэгвэл танд “Микро сургалт”-ыг санал болгомоор байна.

МИКРО СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Микро сургалт гэдэг нь богино хугацаанд багахан мэдлэг олж авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн чухал цөм хэсгийг богино хугацаанд өндөр анхаарлаа хандуулж шинэ ур чадварыг эзэмших явдал билээ. Микро сурах арга барилд тархины мэдээлэл боловсруулалт түлхүү ажилладаг тул уламжлалт сурах аргаас илүү хурдан бас богино байдаг.

Мэдээллүүд ямар ч төрлийн байж болох ба гол зарчим нь богинохон хэмжээтэй байх ёстой. Ингэвэл танд өөрийнхөө нөхцөл байдалд тааруулан сурах боломжийг олгоно. Тухайлбал аудио, видео, бичвэр, зураг дүрс, таавар, тест, зурган мэдээлэл, тоглоом зэрэг хэлбэрээр ч микро сургалт авч болох юм.

Бага багаар нь сурсаар олон чадварыг эзэмшиж боломжтой. Мөн орчин цагийн завгүй хуваарьтай ажилладаг, анхаарлаа удаан төвлөрүүлэх боломжгүй мэргэжилтнүүдэд төгс нийцнэ. Жишээлбэл, хэл сурах Duolingo аппликэйшн хамгийн ойрын жишээ юм. Энэ аппликэйшнийг ашигласнаар та үр өгөөжтэй, бага багаар, сонирхолтойгоор өөрийнхөө тааваар шинэ хэл сурах боломжтой ажээ.

БАГА БАГААР СУРАХ НЬ ЯАЖ КАРЬЕРЫН АМЖИЛТАД НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Пью Судалгааны Төвөөс 2016 онд явуулсан судалгаагаар АНУ-д ажиллаж буй хүмүүсийн 87% нь карьерынхаа туршид тасралтгүй мэдлэг чадвараа дээшлүүлэх нь нэн чухал, шаардлагатай гэсэн хариултыг өгчээ. Ажиллаж буй хүмүүсийн талаас илүү хувь нь карьерын өсөлт дэвшилтэд шинэ ур чадвар, сургалтыг чухал гэж үздэг.

Тэгвэл үүнийг хаанаас олж авах вэ?

Мэдээж ажил олгогчид шинэхэн ажилчид болон тушаал дэвшсэн ажилчдад сургалт ордог нь тодорхой боловч энэ завсрын үеэр яах вэ? Ажил эрхлэгчид шаардлагатай макро сургалтуудыг авч байгаа боловч мэргэшлийг нь үргэлжлүүлэн дээшлүүлэх микро сургалтуудаар гачигдаж байна.

МИКРО СУРАХ АРГА БАРИЛ ЯАГААД ҮР ДҮНТЭЙ БОЛОХ ТАЛААР  5 ШАЛТГААН.

1.Богинохон, хурдан хэлбэрийн учраас таны цагийн хуваарь, анхаарлаа төвлөрүүлэх хугацаанд нийцсэн

Сурахыг хүссэн зүйлдээ яаж цаг гаргах вэ гэж мунгинаж суух цагаа сурч өнгөрүүл. Микро сургалтууд нь уламжлалт сургалтуудтай харьцуулбалбогинохон, анхаарал татахуйц байдаг учраас хийх ажлын жагсаалтынхаа голоор 5, 10 минут зарцуулахад хэрэгтэй. Хоёр, гурван цагийнцахим сургалтын төрлийг ашигласан ч та тэрийг хүссэн үедээ эхлүүлж, зогсоож болох учир танхимаар хичээллэхээс тэнгэр газар шиг ялгаатай.

2. Микро сургалтууд давтлагын аргаар мэдлэгийг илүү удаан ой тогтоолтод байлгана

Давтлага. Давтлага. Давтлага. Юу ч хийсэн бай бид тэрийгээ олон дахин давтах тусам урт хугацааны санах ойдоо хадгалагдаж үлддэг. Давтлагын үр шимээр бид микро сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа хадгалж үлдэнэ. Энэхүү давтлагыг үргэлжлүүлэх хэсэгхэн минутыг өдөр тутамдаа зарцуулахад амархан харин нэг долоо байтугай хоёр долоо хоногтоо нэг удаа удаан хугацаагаар хичээллэх цаг олох хэцүү. Тэгээд ч бид нэг юмаа олон давтамжтай харвал тэр хэрээр сайн санах магадлалтай.

3. Өөрийнхөө хурдаар сур

Микро сургалтын авууштай чанарын нэг бол танд өөрийнхөө тааваар сурах уян хатан нөхцөл юм. Хүссэн газраа, хүссэн цагтаа суугаад сурах нь уламжлалт аргаар сурах арга барилыг эрс эвдсэн юм.

4. Уламжлалт сургалтаас илүү сонирхолтой

Уламжлалт сургалтыг уйтгартай гэх гэсэнгүй. Гэхдээ хичээлийг сонирхолтой байлгах нь багшаас их хамаардаг. Микро сургалт видео, тоглоом, апп ашиглаж шинэ ур чадварыг эзэмшүүлэх учраас танд илүү хөгжилтэй санагдана. Google-тэй Хамт Сэтгэ 2018 оны тайланд, 2000 оноос хойш төрсөн YouTube хэрэглэгчдийн 70% нь YouTube-ээр сонирхсон шинэ зүйлсээ сурахад ашигладаг гэсэн тоо баримт гарчээ. Карьерт шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх шинэлэг, сонирхолтой контент бэлтгэн хүргэвэл хүмүүс шинийг сурахаар үргэлж эргэж ирнэ.

5. Хямд өртөгтэй

Дансан дахь мөнгөө багасгалгүйгээр шинэ мэдлэг олж ав. Их сургуульд сурахаар хэдэн сая төгрөгийн өрөнд унах эрсдэлтэй. Гэлээ гээд бид таныг Их сургуулийн диплом битгий ав гэх гэсэнгүй, харин шинэ зүйл сурах өөр олон аргууд байгааг хэлэх гэлээ. Дахиад Их сургуульд сурахын оронд цахим сургалтуудыг сонирхоод үзээрэй.

МИКРО СУРГАЛТЫГ ХЭРХЭН ӨӨРИЙНХӨӨ  АРГА БАРИЛ ТААРУУЛАХ ВЭ?

Онлайн сургалтад хамрагд

SkillshareUdemyMasterClass Khan Academy зэрэг олон онлайн сургалтын платформууд байхад та өөрийн цагийн хуваарьт тохирсныг олоход ядах юмгүй биз ээ. Тэгээд ч дийлэнх нь сургалтуудаа таны гар доор аваачих аппуудтай. Цагаас илүү урттай хичээлүүд байлаа ч гэсэн сэдэв сэдвээрээ хуваагдчихсан байгаа. Өдөрт тогтсон минут, сэдвийг цагийн хуваарьтаа төлөвлөж оруулан төвөггүй нэг онлайн сургалтыг дуусгаарай.

Апп татах

Zenith хэмжилзүйн компанийн  явуулсан судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчид өдөрт дунджаар 3.5 цагийг утсаа ашиглаж өнгөрөөдөг гэсэн тоо баримт гарчээ. Энэ цагийнхаа ердөө 15 минутыг шинэ хэл сурах эсвэл ой тогтоолтоо сайжруулахад ашиглаж байна гээд бод доо? Ингэхээр хичээлээ долоо хоногийн хуваарьт оруулахад амархан байгаа биз? Апп бол үнэгүй сургалт, үнэгүй туршилтын хугацаатай сургалтуудыг ашиглаад авах сайхан боломж билээ.

Мэдлэгээ зурган мэдлэгээ ихэсгэх

Хэрвээ та юмыг харж сурдаг бол өдрийн хэсэгхэн минутаа зураг дүрс харж суралцахад зарцуулаарай. Ийм зурган мэдээлэл нарийн төвөгтэй санааг ойлгоход амраар хялбаршуулан үзүүлдэг учраас хэцүү сэдвүүдийг судлахад нэмэртэй. Хэрэгтэй бүх мэдээллийг чинь ганцхан нүүрэнд багцалчихсан учраас танд эргээд харахад ч амар байна.

Тодорхой карьер, чадварт төвлөрсөн подкаст сонсох

Гадаа салхилж, машин жолоодож байхдаа чихэвчээ зүүгээд карьертайгаа холбоотой подкаст сонсоод үзээрэй. Хүн болгон л болсон явдал, хошин шог сонсох дуртай, гэхдээ л ажилдаа ирж очих цагаараа мэргэжлээ дээшлүүлэх хэдэн ур чадварын талаар сурч мэдвэл нэг сумаар хоёр туулай буудах биш гэж үү?

Бичлэг үзэх

YouTube-ээс ганц хоёр бичлэг үзэхэд юу нь буруудах зүйл үгү. Ажил амьдралаа дээшлүүлэх олон мянган бичлэг дундаас таны цаг завд таарсан бичлэгүүд байх нь ойлгомжтой. Шинэ юм сурахад бичлэг үзсэнээр тав орчим л минутыг зарцуулна. Дээрээс нь, YouTube гэлтгүй олон л бичлэгийн платформууд байна. Бид танд TED Talk-ыг тэр тусмаа санал болгож байна.