Бүсгүй хүн гэдэг цогцоороо гоо үзэсгэлэн…

Тодорхой  хугацааны давтамжаар бус, уригдан оролцох бүсгүйчүүдийнхээ цаг завд тааруулан бэлтгэгдэж та бүхэнд хүрдгээрээ манай My Top Shelf буланд маань уншигчид дуртай байдаг гэж би нэгэнтээ сонссон. Хэсэгхээн завсарлаад өнгө өнгөөр тоглон наадах шаргал, улаан намраар шинэхэн дугаараа хүргэж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн зочноор Монголдоо төдийгүй хилийн чанадад, загварын ертөнцөд өндөр амжилт гаргасан загвар өмсөгч бүсгүй Д.Оюунномин уригдан оролцож байна. Бид Нора гэдэг нэрээр нь сайн мэдэх байхаа. Нора маань Нью-Йорк, Милан, Токио, Сингапур, Хонг-Конгийн загварын агентлагуудад харьяалагддаг бөгөөд дэлхийн ба Монголын нэр хүндтэй дизайнеруудтай хамтран ажилладаг туршлагатай, хүчтэй загвар өмсөгч юм. Гэхдээ энэ удаа түүний ажил мэргэжлийн талаар бус түүний дотоод ертөнц, гоо сайхны ертөнцийн талаар яриа өрнүүллээ. Хүүхэд насных нь талаар бидний яриа эхэллээ.

Би Сэлэнгэ аймагт төрж өссөн. Манайх 5 хүүхэдтэй. Би дээрээ 3 эгчтэй, айлын хамгийн бага охин. Аавынхаа 25ны жил төрсөн. 3 эгчтэйгээ өссөн болохоор багаасаа л их эмэгтэйлэг орчинд өссөн гэсэн үг. Тэд нараасаа үлгэр дууриалал авч, болох болохгүйг тэд нараасаа суралцан өссөн. Аав ээж 2 маань урлагын болон загварын маш өндөр мэдрэмжтэй. Манайх ер нь Европ соёлтой айл байлаа. Тэд маань яг л загвар өмсөгч нар шиг гоё ганган хувцасладаг, хувцасны шүүгээнд нь  сүүлийн үеийн тренд хувцаснууд өлгөөтэй, пянз тоглуулагчтай, байнга л гадаадын хит гоё дуунууд тоглуулж байдаг, урлагын асар өндөр мэдрэмжтэй гэр бүл байв. Тухайн үедээ бол нэлээд чөлөөт стилийн айл байлаа. Ийм орчинд өсөж хүмүүжсэн болохоор энэ амьдралын маань хэв маяг намайг загварын амьдрал руу хөтөлсөн гэж боддог. Аав маань их өндөр биетэй, яг л загвар өмсөгч шиг. Сэлэнгийн өндөр Давга гэдэг нэртэй  их ганган залуу байдаг байв. Би аавыгаа дуурайгаад ийм өндөр. Загварын карьерээ эхлүүлээд 20 жил болж байна. Хамгийн анх 1999 онд Үнсгэлжин гэж загварын тэмцээнд загвар зохион бүтээж түүнийгээ өөрөө өмсөж оролцоод 3 дугаар байранд орж байлаа. Муугүй амжилттай. Энэ үеэс л эхлэн 14 насандаа загварын амьдрал, загварын тайзтай салшгүй холбоотой болсон. 1999 оны үед нийгэм хаалттай, загварын амьдрал гэдэг тэр болгоны ойлгож  хүлээн зөвшөөрөөд байдаггүй хүнд үе байсан. Загварын шоунууд ч бас их болдоггүй байв. Ер нь Монголдоо гэхээс илүү гадаадад загварын карьерээ анх маш амжилттай эхлүүлсэн. Эгч маань Сингапурт хэлний курст явсан юм. Эгчийгээ дагаж Сингапур явснаар миний моделийн амьдрал амжилттай эхэлсэн. Хамгийн анхны ажил маань Сингапурыг сурталчлах “Uniquely Singapore” гэх хамгийн том сурталчилгааны самбарт гол дүрийн модель болсон. Тэр billboard маань Сингапурын Orchard төв гудамжаар дүүрэн, мөн дэлхийн томоохон онгоцны буудлууд, метроний буудлуудаар тавигдсан байсан. Энэ бол маш том амжилт байсан. Ази охидууд ер нь жижиг биетэй гээд загварын шоунуудад гологдох гээд байдаг. Харин миний өндөр нуруу миний давуу тал болсон.

Нээрээ Монголд бол эхэндээ би хүлээн зөвшөөрөгдөх хэцүү байсан. Өндөр, гозон тэмээ, нугасны муухай дэгдээхий, өвөрмөц төрхтэй гэх зэргээр шоолоод л. Гадагшаа явтлаа надад өөртөө итгэх итгэл муу байсан. Манайхны нэг бүсгүй хүний гоо үзэсгэлэнг тогтоох стандарт байдаг л даа нийтлэгээр нь. Ботгон алаг нүд, өтгөн өргөн хөмсөг гээд л. Гэтэл гадаад яваад үгүй ээ эмэгтэй хүний үзэсгэлэн гоо гэдэг чинь бүх зүйлд нь оршиж байдаг юм байна, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг чинь өөрийнх нь чин сэтгэлийн инээмсэглэлд оршиж байдаг юм байна гэдгийг маш гүнзгий ухаарсан. Би 25 хүртлээ өөртөө асар итгэлгүй, дуугүй намуухан охин байлаа. Өндөр юм чинь гээд ангид хамгийн хойно очоод суулгачихна, ядаж хараа муутай гээд л асар олон бэрхшээлүүд өндөр нуруунаас болоод тулгарч ирсэн болохоор намхан төрчихгүй яаавдаа гэж харамсдаг байлаа шүдээ. Туранхай, өндөр, царай муутай гээд л өөртөө их итгэлгүй, өөрийгөө хайрладаггүй байсан. Тийм болоод ч уу, би хүнийг харагдаж байгаагаар хэзээ ч дүгнэдэггүй.

Эмэгтэй хүний үзэсгэлэн гоо гэдэг чинь бүх зүйлд нь оршиж байдаг юм , эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг чинь өөрийнх нь чин сэтгэлийн инээмсэглэлд оршиж байдаг юм

Сингапур яваад өөрийгөө нээж, өөрийгөө хүлээн зөвшөөрч чадсан. Cэтгэл ханамжтай болж, өөртөө итгэх итгэл нэмэгдээд л, амьдралыг өөрөөр харах болсон. Миний ажил мэргэжил надад олон зүйл зааж сургасан. Энэ мэргэжлийнхээ ачаар би дэлхийн 50 иад орноор аялж, 10 гаруй оронд амьдарч байсан. Өөрөөрөө бахархах нэг зүйл байдаг. Миний үеэс эхлээд модель хүн гэж заавал хөөрхөн сайхан байх албагүй, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэнг тогтоож чадвал амжилтад хүрдэг гэдгийг би баталж чадсан гэж өөрөөрөө бяцхаан бахархаж явдаг шүү. 

Би 25 хүртлээ өөртөө асар итгэлгүй, дуугүй намуухан охин байлаа.

Таны хамгийн их таалагддаг дүр төрх чинь юу вэ?

Загвар өмсөгч байхын нэг давуу тал нь санаанд оромгүй, цоо шинэ төрхөнд байнга хувирах боломж гардагт байдаг. Би Нью-Йоркт амьдарч байхад нүүрээ огт буддаггүй байсан. Дээр нь нэг удаа хөмсгөө хусч, үсээ цагаанаар будуулсан. Тэр төрх маань надад хамгийн их таалагддаг.

ҮНЭРТЭН

Үнэртэний тал дээр би их эмзэг ханддаг. Үнэр их чухал. Би гэхдээ хувьдаа үнэртэй ус сэнгэнүүлээд явах дургүй, хүний өөрийн натурал үнэр давамгайлж байвал сайхан гэж боддог. Хүн болгон үнэртэхээр биш, өөртөө зориулж үнэртэн хэрэглэдэг. Улиралдаа зохицуулан үнэртэнгээ сонгодог. Энэ удаа намрын улиралд тааруулж Lost Cherry Tom Ford үнэртэнг Миланаас сая явахдаа авсан. Би 100% охь буюу өндөр концентрацитай үнэртэн таашаадаг. Commercial уснууд түрхэх дургүй, ер нь үнэртэн чинь улирлаа дагаж хувьсан өөрчлагдөж байдаг. Тийм болохоор үнэртэнг гэртээ 20-30 аар нь цуглуулж түрхэх бол миний хэв маяг биш.

Tom Ford Lost Cherry

Улиралдаа зохицуулан үнэртэнгээ сонгодог.

АРЬС АРЧИЛГАА

My Shelfie

Арьс арчилгааны тал дээр ч бас их энгийн. Хамгийн чухал нь цэвэрлэгээ. Би орой бүр 20 минутыг арьсаа цэвэрлэхэд зарцуулдаг. Наргил модны самрын тосоор цэвэрлээд нойтон салфеткаар арчиж авдаг. LookAtMe, Aloe-тай нойтон салфетка их зүгээр. Би жаахан эмзэг арьстай болохоор зуун настын орц найрлагатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг, тайвшруулаад сайхан мэдрэмж өгдөг.
Дараа нь хөөсөн цэвэрлэгч хэрэглэдэг. Хамгийн сүүлд хэрэглэж байгаа нь энэ Rish Moist Foaming Cleanser. Мөн нүүрээ угаахдаа Clarisonic- facial brush хэрэглэхгүй бол нэг л дутуу оргиод байдаг. Ер нь 20 той үеийн арьс 30 тай үеийн арьс ямар их ялгаатай билээ дээ. 30 наснаас хойш сайн санаа тавихгүй бол урьдынх шигээ байхаа больсон, арьс асуудлууд дагуулж эхэлдэг. Мөн бас нэг чухал зүйл бол арьсны зөв гуужуулалт. Скраб хэрэглэхээс илүүтэйгээр би гэлэн гуужуулагч хэрэглэдэг. Apple Peeling Gel гуужуулагч бол миний хамгийн хайртай бүтээгдэхүүний нэг. Бид арьсаа гуужуулахгүй хэчнээн юм хэрэглээд хэрэглээд үр дүнд хүрэхгүй. Харин нүүрээ нэг их будах дургүй. Аль болох нимгэн хөнгөн будалт хийдэг. Chanel шингэн энгэсэг түрхдэг. Би нимгэн будагтай гоё арьсанд дуртай.

Би нимгэн будагтай гоё арьсанд дуртай.

Collagen Eye Patch

Би ер нь их тайван хүн. Өглөө хүссэн цагтаа аажуу тайван босоод, хар кофегоо уудаг. Дараа нь сайхан хөгжим сонсонгоо цэцгээ харж зогсох дуртай. Би цэцгэнд маш их дуртай. Бэлэн баглаа худалдаж авалгүйгээр, өөрийнхөөрөө янзалж тавих миний дуртай ажлуудын нэг. 11 цаг хүртэл өөртөө цаг гаргаж, өөрийнхөөрөө байдаг. Өөрийн хэмнэлээр амьдрах дуртай эмэгтэй ш дээ би. Нүдээрээ инээдэг болохоор нарны цацраг шиг үрчлээ нүдний эргэн тойронд үүсээд байгаа. Би Mizon,Collagen Eye Patch орой бүр хэрэглэж байгаа. Зөндөө их эссэнцтэй, коллагентай. Таалагдаж байгаа шүү. Миний амьдрал тэр чигээрээ миний өөрийн mood -ээс хамааралтай.

ҮС АРЧИЛГАА

Aromatica & Lush

Үсний засалтаа улирал тутам өөрчилдөг. Энэ зун ийм эмэгтэйлэг төрхтэй, урт үс засалтыг сонгосон. Үс арчилгаанд бас нэлээд ач холбогдол өгдөг. Мэргэжилтэй холбоотойгоор үсээ их будуулдаг, тэр хэрээр гэмтдэг. Аль болох органик бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Манайхан үс арчилгаа гэхээр л үсний үзүүртээ маск тос түрхээд байдаг. Буруу шүү. Гол нь хуйх юмаа. AROMATICA брэндийн Scalp Scaling Shampoo (хуйхны цэвэрлэгээний шампунь) мөн LUSH брэндийн органик шампунь ангижруулагчийг ээлжлээд хэрэглэж байна. Хуйхны цэвэрлэгээний энэ шампунь хуйханд сайн тэжээл өгдөг, ангижруулагч нь силиконгүй болохоор хуйхандаа хүргэсэн ч аюулгүй. Нэг найз маань бэлгэнд өгсөн юм. Дараа нь би өөрөө очиж хоёрыг авсан. Дашрамд дурдахад ийм гоё органик брэнд оруулж ирж байгаа Beauty Secrets-дээ баярлалаа. Бие арчилгаандаа LUSH брэндийн бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Гадагшаа явахаараа нөөцлөөд авчихдаг.   

ДАСГАЛ, ХӨДӨЛГӨӨН

Йога, gym-д явдаг. Гэхдээ би байнгын бэлтгэл суургуулилт, хоол сойж жингээ барьдаггүй. Аль болох эрүүл хоол хүнсэндээ хэрэглэж зохицуулдаг. Охидуудаа өөртөө хайртай бай, хоол хүнсээ зохицуул, ам руу орох бүх зүйлээ нарийн нягт сонго гэж хэлмээр байна. Зөв хооллолтыг амьдралынхаа хэв маяг болгоход л ач холбогдол өгдөгдөө.

Хамгийн сүүлд хийсэн худалдан авалт ?

Би ихэнхдээ гадаадад явж байхдаа шоппинг хийчихдэг. Харин саяхан албан ёсоор нээлтээ хийсэн Италийн Liu Jo брэндээc худалдан авалт хийсэн юм байна. Хамгийн их таалагдаж байгаа нь энэ малгай. Ойрд малгайнаасаа салахаа байсан…

Ингээд Нора маань дараагийн ажилдаа гарахад бэлэн болж бид нарыг гэрээсээ үдэж гаргалаа. Түүний хувцаслалт үнэхээр л зэвүүн күүл юм. Liu Jo орж үзье гэж бодоод л ажлаа дуусгалаа.

Ярилцлагыг: Б.Оюунцэцэг
Гэрэл зургийг: Ц. Балжинням