Аз жаргалаас үүдэлтэй үрчлээ бүсгүй хүнийг чимдэг

“My Top Shelf” булангаа уншигч бүсгүйчүүддээ хүргэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бүсгүйг Дугаарынхаа  зочноор уръя гэж нэлээдгүй бодсон хэдий ч жаахан айх эмээх сэтгэл төрөөд завдахгүй байсныг нуух юун. Басхүү боломжтой цаг нь ч таарахгүй явсаар өдий хүрлээ. Анх утсаар ярьж, хаанаас ямар хэргээр холбогдож байгаагаа дуулгахад түс тас хариулт өгч, маш завгүй байдаг гэдгээ дурдахад нь дотроо сандарч, айж очсон хэдий ч хэдхэн үг солисоны  дараа энгийн, намуухан эелдэг бүсгүй болох нь мэдрэгдэж, би биеэ барихаа больж бидний яриа нэг талдаа битүү ном болон DVD өрсөн өрөөнд эхэллээ.

Соёл Спорт, Аялал Жуулчлалын сайд асан, нэлээдгүй хугацаанд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн “Ногоон нүдэн лам”, ”Жаран цагаан хонь” номуудын зохиолч Ц.Оюунгэрэл оролцож урд өмнө нь түүнийг харж байгаагүй өнцгөөс буюу нийгэм эдийн засгийн зүтгэлтэн гэдгээр нь бус, гоо үзэсгэлэнтэй бүсгүй хүн хэмээх талаас нь гаргаж, илүү сонирхолтой яриа өрнүүлэхийг хичээснээ доор сийрүүллээ.

Гоёл чимгэллийг DAMIANI-aaс.

Намайг Цэдэвдамбын Оюунгэрэл гэдэг. 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Ээж минь намайг төрүүлэхдээ оюутан байсан учраас 22-хон хоногтой намайг 1 ба 2 настай хоёр эгчтэй цуг аавд минь үлдээгээд сургуульдаа явсан юм гэсэн. Тиймээс би багаасаа л хатуужилтай, сахилга баттай болж өссөндөө.

Свердловскийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль, Москвагийн Олон Улсын Бизнесийн Их Сургууль, Стэнфордын Их Сургууль, Йелийн Их Сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, бизнес, олон улсын бодлого судлалын чиглэлээр мэргэшсэн, эдийн засагч мэргэжилтэй. Зохиолч бол биш. Хөвсгөлийн 10 жилийн сургуулийнхаа монгол хэл, уран зохиолын багш нарын хүчээр л өдий зэрэгтэй бичгийн өндөр чадвартай болсондоо. Бичгийн чадвар, ялангуяа эх хэл дээрээ бичгийн чадварыг эзэмших нь хүнийг хоолоо олж  идэхэд ямар чухал болохыг хүүхдүүддээ байнга захидаг. Миний амьдралын хэмнэл нэг хэсэг яг л галзуу мэт байлаа. Тэр нь 1996-2010 он юм л даа. Машин мэт л ажилладаг байв. Өглөө 6 цагаас босоод номоо бичнэ, 9 цагт үндсэн ажилдаа явна, орой ирж шөнийн 12 цаг хүртэл орчуулгаа хийгээд л асар завгүй амьдралын хэмнэлтэй байсан. Тэр үедээ гэмтсэн. Байнга компьютер дээр ажиллаад байхаар тогонд цохиулсаар байгаад хурууны өндөг маань гэмтсэн. Одоо бол байнга бээлий өмсдөг. Мөн ажил амралтаа маш сайн зохицуулж эрүүл мэндэд анхаарч байгаа.Одоогийн байдлаар эрхэлж байгаа ажил бол “ Жорлонгоо өөрчилье”, ”Утаагүй амьдаръя” гэсэн 2 төслүүд эхлүүлээд нийгэмдээ үйлчилж байна. Харин миний уншигчид миний цалинг тавьж байгаа. “Ногоон нүдэн лам “ зохиолоо анх бичсэн түүх гэвэл 1996 онд Монгол Улс анх удаа хэлмэгсдээс уучлал гуйсан тогтоол гаргаж, улс төрийн хэлмэгсдэд нөхөн олговор олгох тухай хууль баталсан юм. Тэр үед л Баасан ламын тухай яриа сөхөгдөж гарсан юм. Энэ талаар би хөгшин ээжээсээ сайтар лавлаад мэдэж авсан. Зохиол дээр гардаг Сэндмаа бол миний хөгшин ээж минь, харин Баасан лам бол хөгшин аавын минь ах юм байгаа юм. Энэ хоёр зохиол бол миний амьдралын 20 жилийн хөдөлмөр. Нэгдүгээр дэвтэр гарснаас хойш 9 жилийн дараа хоёр дугаар дэвтрээ уншигчиддаа хүргэсэн. Амьдралын хүнд хэцүү үе зөндөө л тохиолдож байснаас хамгийн айхтар нь их хүнд өвдсөн юм. 29 настай байхад минь элэгний вирус маань идэвхжиж намайг нэг л жилийн настай , эмчилгээгүй гэсэн аймшигт мэдээ дуулгасан. Ямар ч эрч хүчгүй, яс арьс болтлоо турж эцсэн би шууд ажлаасаа гараад бүх юмаа орхиод хөдөө аавруугаа хоёр хүүхдээ аваад л явсан. Өнгөрсөн бүх хугацаанд хүүхдүүддээ ямар ч цаг гаргаж чадаагүйдээ, байнга л ажил ажил гэж гүйж байсандаа өөртөө ямар их харамссан гэж бодно. Харин ардын эмчилгээ надад таарч би эдгэсэн. Үнэхээр гайхалтай сэтгэл хөдөлмөөр.

 

Таны хувьд гоо  сайхны хэмжүүр гэж  юу вэ?

Гоо сайхны хамгийн том хэмжүүр бол НҮГЭЛГҮЙ ҮНЭН явах. Үнэнээрээ байхад л гоо сайхан харагддаг гэж бодож явдаг. Бусдад гэм хийлгүй, нүгэлгүй байхыг хичээдэг. Мөн хайртай хүмүүстэйгээ байх, амьдралд үргэлж талархаж явах, өчүүхэн зүйлд ч үнэн сэтгэлээсээ баярлаж сурвал тэр чиний гоо үзэсгэлэнг улам л тодотгоно гэдэгт итгэдэг.Би маш урт үстэй байлаа. Хөлийн шагайгаа хүртэл үсээ ургуулдаг ч байлаа. Урт үстэй Оюунгэрэл гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Үс маань тэгж сайхан эрүүл саруул ургадаг байсны нууц нь ердөө л голын усаар угаадаг байсных. Голын ус хужиртай зөөлхөн ус байдаг. Мөрөн голын усаар, Дөрөн нуурын хужираар угаадаг байснаар тийм сайхан үстэй байсан хэрэг. Биеийн жингээ бас сайн барихыг хичээдэг шүү. Халуун ногоотой хоол, газтай ундаа, согтууруулах ундаа, кофе, цагаан гурил огт хэрэглэдэггүй. Аль болох л бор гурил, хөц, шар будаа хүнсэндээ хэрэглэдэг. Ингэж дотоод шүүрэл талаасаа гоо сайхнаа хадгалахыг хичээдэг. Харин гоо сайхны бүтээгдэхүүн арьс арчилгаа тал дээрээ тийм ч сайн биш. Анх гарсан цагаас л эхэлж Biomon брэндийг хэрэглэсэн. Гэхдээ одоо 50 гарчихсан болохоор өөр төрлийн, хөгшрөлтийн эсрэг тусгай бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг зорьж байна. Надад энэ Mizon брэндийн хөгшрөлтийг эсрэг сэрум, тос хоёр маш их таалагдсаан. Дуусахаар нь дахиж авнадаа. Хөдөө гадаа төслийн ажлын хүрээнд ч их явдаг болохоор нарны тосыг байнга хэрэглэдэг.

Энэ нарны тос миний сүүлд хийсэн сонголт байсан. Арьсанд сайн шингэдэг. Хамгаалалт өндөр гээд л маш их таалагдаж байнаа. Би бүр анх удаа сарын өмнөөс л маск тавьж үзлээ, мөн өнгөрсөн 7 хоногт маникюр, педикюр хийлгэж үзлээ. 2 цагийн турш өөрийгөө эрхлүүлж, аз жаргалтай байлаа. Үнэхээр таалагдлаа. Амьдралдаа 2 ,3 удаа л гоо сайханд орж үзсэн байх. Нүүрээ нэг их будаад байдаггүй. Уруулаа буддаг. Нүдээ хөнгөхөн буддаг.

Та гоёл чимэглэлдээ хэр их анхаардаг вэ?

Eр нь энгийн байх дуртай. Өдөр тутамдаа алмазан шигтгэгдэг ээмгээр гоёдог.

Феминизм гэж юу вэ?

Миний хувьд феминизм гэж хүний түүхэнд эмэгтэйчүүд тэгш оролцож, тэгш хүлээн зөвшөөрөгдөх үйл явдал.

Та Woman Empowerment-ийг юу гэж тайлбарлах вэ?

Woman Empowerment гэж эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэлийг системтэйгээр олгох урт удаан хэрнээ сонирхолтой ажил. Танай энэ булан ч гэсэн woman empowerment-ийн нэг хэсэг гэж хэлж болохоор байна. Цаашдаа ч гэсэн олон эмэгтэйчүүдийг оролцуулж бүсгүй дотоод ертөнцийг нээж олон эмэгтэйчүүдэд урам зориг өгөөрэй.

Таны хэлэх дуртай  үг?

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.

Хамгийн сүүлд үзсэн кино?

Халуун зүрх МУСК

Одоо уншиж байгаа ном?

The Dinosaur Artist: Obsession, Betrayal, and the Quest for Earth’s Ultimate …,  Paige Williams

Хэд ч үзсэн уйддаггүй кино?

You’ve got a mail, Overboard, My fair lady

Өмсөх дуртай хувцас?

Жинс

Хобби ?

Аяллаар явах. Аялсан орнуудаасаа аяга цуглуулах хоббитой. Одоогоор дэлхийн 30 гаруй орноор аялжээ. Хамгийн их сэтгэлд үлдсэн сайхан орон бол Зимбабве. Дэлхийн хамгийн том, хамгийн өндөр хүрхрээ Victoria Falls гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Стресстсэн үедээ юу хийдэг вэ?

Хөдөө тал хээр очиж хэвтдэг. Сайхан амарч, тайвширдаг.

21 настай Оюунгэрэлд одоогийн байгаа наснаасаа юу захиж хэлэх байсан бэ?

21-тэй байхдаа би өдөр бүр хоолоо хийдэг, гэрийн их сайн эзэгтэй байлаа. Өдөр бүр гоёж гоодож, нүүрээ будаж, Мөрөнгийн мисс ч гэж нэрлэгддэг байв. Тэр үедээ харин очмоор санагдаж байна.

Хүүхдүүддээ захиж хэлдэг үг?

Зөв, шударга бай. Хуулиа дээдэл, хууль бус зүйлээс хол яв, татвараа 100% төл. Аливаад тууштай ханд гэж захьдагдаа.

Аялалд явахдаа авч явдаг зүйлс?

Аялалд явахдаа хутга, нарны шил, нарны тос, ус, шүдэнз, олон ээлжийн оймс.

Бүсгүйчүүддээ хэлэхэд хүн болгоны гоо сайхан өөрт нь өгөгдсөн байгаа, өгөгдлөө зөв ашигла. Өөрийгөө бүү доогуур үнэлээрэй гэж хэлмээр санагдаж байна. Жишээ нь миний шүд дорсгор. Гэхдээ би засуулахгүй гэж боддог. Миний сахилгагүй төрхийг илтгэдэг, миний характерийн нэг гэж үздэг шүдэндээ би хайртай.

Ярилцлагыг: Б.Оюунцэцэг
Гэрэл зургийг: Ц. Балжинням